Дахин санал хураалт долдугаар сарын 9-нд товлогдлоо

2017-06-27 11:45
Сонгуулийн ерөнхий хороо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ удаагийн сонгуульд нийт сонгогчдын 68 хувь оролцсон тул сонгуулийг хүчинтэйд тооцсон гэж сая (2017.06.27-ны өдрийн 11.30 цагт) СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн мэдэгдлээ.

Өчигдөр болсон санал хураалтын мэдээ орой 22.00 цагт СЕХ-ны төв сервирт ирж байсан ч хамгийн сүүлчийн мэдээ Говь-Алтай аймгийн Цогт сумаас өнөөдөр өглөө 09.15 цагт ирсэн байна. Тус суманд кабелийн сүлжээ тасалдсан нь мэдээ хоцорч ирэх шалтгаан болсон байна.

Эцсийн дүнгээр МАН-аас нэр дэвшигч М.Энхбол 411 747 сонгогчийн санал буюу нийт саналаа өгсөн сонгогчийн 30.32 хувь, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга 517 478 сонгогчийн санал буюу 38.11 хувийн санал, МАН-аас нэр дэвшигч С.Ганбаатар 409 899 сонгогчийн санал буюу 30.19 хувийн санал авсан байна.

Энэ удаагийн сонгуулиар хэн ч олонхийн санал авч чадаагүй тул Сонгуулийн ерөнхий хороо Монгол Улсын Үндсэн хууль, Сонгуулийн тухай хуульд заасны дагуу тогтоол гаргаж, хоёр дахь шатны буюу дахин санал хураалт явуулах шийдвэр гаргалаа.

Сонгуулийн ерөнхий хорооны тогтоолын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтыг  2017 оны долдугаар сарын 9-нд явуулахаар шийдсэн байна. Гадаадад байгаа иргэдийн саналыг долдугаар сарын 5-нд авах гэнэ.