Олон улсын уул уурхайн мэдээллийн “Mining” цахим хуудсанд ийм нийтлэл гарчээ.
Уул уурхайн аварга том “Рио Тинто” корпорац өөрийн салбар болох Канадын “Turquoise Hill” компанийн хамт тус улсын гадаадын хөрөнгө оруулалтыг татах шинэ хүчин чармайлтын дагуу эрдсээр баялаг Монголын говь нутагт дахин хайгуул хийж эхэлжээ.
Хятад, Оростой хиллэдэг далайд гарцгүй тус улс өнгөрсөн сард газар нутгийнхаа тавны нэгийг уул уурхайн хайгуулд нээх шийдвэр гаргаснаар, ОУВС-ийн тэргүүлсэн “bailout“ тусламжийн арга хэмжээний хүрээнд санхүүгийн байдлаа сайжруулна гэдэгт найдаж байгаа юм.
Ер нь гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих тус улсын шинэ алхмууд эхний үр дүнд хүрч эхэлжээ.
Уул уурхайн салбар Монголын ДНБ-ий 25, экспортын 80 гаруй хувийг хангадаг тул уул уурхайн хайгуулыг нэмэгдүүлснээр Азийн тус улсын ДНБ өсч, эдийн засгийн аюулгүй байдал нь бэхжинэ гэж шинжээчид үзэж байгаа юм.
Монгол Улс түүнчлэн хамгийн том хөрөнгө оруулагч “Рио Тинто” болон бусад гадаадын компаниуд хөрөнгө оруулалтын төслүүдээсээ олсон бүх орлогоо заавал тус улсын банкуудаар дамжуулж байх банкны тухай хуулийн эргэлзээтэй заалтыг хүчингүй болгожээ.
“Turquoise Hill“ компанийн хэвлэлийн төлөөлөгч Тони Шаффер “Ройтер” агентлагт мэдээлэхдээ, “Би манай компани Оюутолгойн лицензид хамаарахгүй өөр хайгуулын өрөмдлөгийн хөтөлбөр хэрэгжүүлж буйг нотолж байна” гэсэн юм. Оюутолгой төслийн 66 хувийг “Рио Тинто”-гийн тус охин компани, үлдсэн хэсгийг Монголын Засгийн газар эзэмшдэг билээ.
Оюутолгой нь Монголын хамгийн том уурхай хэдий ч тус улсад гадаадын хөрөнгө оруулалттай зэс, алт, нүүрсний өөр олон уурхайн төсөл хэрэгжиж буй. Жишээ нь, Канадын “Erdene Resource Development” компанийн алтны ордын нөөц урьдчилсан тооцооноос хавьгүй их нөөцтэй болох нь энэ оны эхэнд илэрчээ.
Австралийн “Xanadu Mines” ч Монголд байр сууриа олсон компаниудын нэг бөгөөд тус компанийн Улаанбаатараас зүүн урд зүгт орших Хармагтайн зэс, алтны уурхайн ордод энэ оны эхний саруудад хийсэн судалгаа маш сайн дүнтэй гарсан ажээ.
1 comment
Ямар их шуналтай, юун Даварсан гөлөгнүүд вэ . МОНГОЛЫГ хамгийн ихээр өрөнд оруулж , хамгийн ихээр шулан мөлжиж байж өөрсдийгөө хамгийн том хөрөнгө оруулагч гэнээ