Хөвсгөл аймгийн аймгийн төвөөс зүүн зүгт 110 км-т Тосонцэнгэл сумын Тээл багийн “Тэгш булан” гэдэг газар 10 хүн Сэлэнгэ мөрнийг завиар гатлах явцад завь нь хөмөрч, 7 хүн голын усанд осолджээ.
Тодруулбал, Энэ тухай дуудлагыг 04.21-ний өдрийн 20:23 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Мөрөн, Төмөрбулаг, Рашаант сумын харьяат 10 хүн Тосонцэнгэл сумын Тээл багаас Рашаант сум руу явахаар Сэлэнгэ мөрнийг завиар гатлах үед татлага олс нь тасарснаар завь нь хөмөрчээ.
Ослоос иргэн Ү/38 настай, эрэгтэй/, Б /16 настай, эрэгтэй/, А /3 настай, эрэгтэй/ нар голын эрэг дээр өөрсдөө эсэн мэнд гарсан байна. Харин
- Т /62 настай, эрэгтэй/,
- Ц /50 настай, эрэгтэй/,
- Г /нас тодорхойгүй, эрэгтэй/,
- У /38 настай, эмэгтэй/,
- У /32 настай, эмэгтэй/,
- Б /8 настай, эмэгтэй/,
- А/ 5 сартай, эмэгтэй/ нар осолдсон болох нь тогтоогдсон тул тухайн газар оронд тандалтын ажиллагааг зохион байгуулж 04.22-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээний алба, Тосонцэнгэл сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагч, Эрүүл мэндийн төвийн эмч, Засаг даргын Тамгын газар, Рашаант сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд тухайн газарт ажиллаж байна.
Эх сурвалж: ОБЕГ