Монголын Үндэсний Олимпын Хороо, Засгийн газрын тохируулагч агентлаг- Биеийн тамир, спортын улсын хороотой хамтран Улсын Онцгой комисс болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт “Токио-2020” олимп, паралимпын наадамд оролцох Монголын баг тамирчдыг вакцинд хамруулах хүсэлт гаргасны дагуу өнгөрөгч гуравдугаар сарын 10-нд эхний тунг хийсэн билээ.
Тэгвэл өнөөдөр АстраЗенека вакцины хоёрдугаар тунг Үндэсний шигшээ багийн ихэнх тамирчдад хийлээ.
Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд олимпын 15, паралимпын 7 буюу нийт 270 тамирчин, дасгалжуулагч харьяалагддаг.
Үүнээс эхний ээлжид хуваарийн дагуу бадминтон, усанд сэлэлт, бокс, жүдо, чөлөөт бөх, 3х3 сагсан бөмбөг, тэквондо, байт харваа, хүндийн өргөлт, гимнастик, пара тэквондо, пара байт, пара буудлага, пара пауэрлифтинг зэрэг спортын төрлийн 190 тамирчин, дасгалжуулагчдыг вакцинжуулсан байна.
Баг тамирчдын Олимпын эрх олгох Ази тивийн болон ДАШТ-д оролцох, эрхийн оноо цуглуулах цуврал тэмцээнүүдэд өрсөлдөхөд вакцинд хамрагдсан нь олон талын чухал ач холбогдолтой юм.
Эх сурвалж: Монголын Үндэсний Олимпын Хороо