Сингапур улс коронавирусийг амьсгалаар илрүүлдэг шинжилгээг нисэх онгоцны буудал, томоохон үйл ажиллагааны үеэр хийнэ.
“TracieX” төхөөрөмж нь клиникийн судалгаагаар 95 хувийн нарийвчлалтайгаар коронавирусийг оношилдог болох нь батлагджээ. Энэ нь PCR шинжилгээний үр дүнтэй бараг адилхан гэсэн үг. Дээр нь нэг шинжилгээний өртөг 20 ам.доллар гэхээр харьцангуй хямд, хоёрхон минутын дотор хариуг нь гаргах боломжтой гэдгээрээ онцлогтой.
Шинжилгээний энэ төхөөрөмжийг Үндэсний халдварт өвчний төв, Чанги нисэх онгоцны буудалд туршилтын горимоор ашиглаж эхэлсэн байна. Иргэдийг энэ аргаар шинжилгээнд хамрагдахыг санал болгосноор нисэх онгоцны буудлуудад зорчигчдын урсгал нэмэгдэнэ гэж үзэж байна.
Төхөөрөмжийг зургаадугаар сард нийтийн хэрэглээнд нэвтрүүлнэ. Ингэхдээ эхний ээлжинд сард 200 мянгаад шинжилгээ авч, аажмаар сард 2 сая болгон нэмэхээр төлөвлөжээ.
Сингапур улс өнгөрсөн оны сүүлчээс эхлэн бага хурал, үзэсгэлэн, семинар гээд томоохон үйл ажиллагаа явуулах хязгаараа аажмаар цуцалсан юм. Гэхдээ үйл ажиллагаа эхлэхийн өмнө коронавирусний шинжилгээ заавал өгсөн байх шаардлагатай аж.
Эх сурвалж: Straitstimes.com
Орчуулагч: Марта