Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт дөрөвдүгээр сарын 20-нд иргэдээс нийт 195 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 17 секунд, иргэнтэй ярьсан хугацаа 1.50 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 22 иргэн хандсанаас 11 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 11 иргэнд оператор ажилтан мэдээлэл өгч ажиллалаа. Иргэдээс ирүүлсэн дээрх дуудлагын 92 буюу 47.2 хувийг НОК-оос гаргасан шийдвэртэй холбоотой /үйл ажиллагаа нь зөвшөөрөгдсөн байгууллагууд, хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлтийн машинууд хэрхэн замын хөдөлгөөнд оролцох тухай/ дуудлага эзэлж байна.
1800-1200 тусгай дугаарт иргэдээс ирж байгаа түгээмэл асуултад хариулт өгье.
-ПСР шинжилгээг хаана өгөх боломжтой вэ?
-Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах, яаралтай хагалгаанд орох болон орон нутагт хүндэтгэн үзэх шалтгаанаар /эрүүл мэнд, буяны ажил болон орон нутагтаа буцаж байгаа иргэд, ачаа тээвэр, хүнс, шатахуун, өвс тэжээл, эм, эмнэлгийн хэрэгсэл, уул уурхай, газар тариалан, зам, барилга бүтээн байгуулалт/ зорчих иргэд дараах цэгүүдэд цаг авалгүй шинжилгээнд хамрагдана. Мөн дээрх шалтгаанаар хөдөө, орон нутагт зорчих иргэд нь иргэний үнэмлэх, тухайн аймгийн Онцгой комиссын шийдвэр, нас барсны гэрчилгээ /буяны ажил/ зэрэг баримт бичгийг бүрдүүлнэ.
Шинжилгээний таван цэг ажиллаж байна. Тодруулбал,
Сүхбаатар дүүргийн 31 дүгээр сургууль
Баянгол дүүргийн 13 дугаар сургууль
Хан-Уул дүүрэг Буянт-Ухаа спортын ордон
Сонгинохайрхан дүүрэг Таван шарын Номин агуулахын гадна талбай
Баянзүрх дүүрэг “Тэнгэр” плаза гадна талбай.
-Ойрын хавьтал болсон тохиолдолд хэрхэх вэ?
-Ойрын хавьтал болсон иргэд гэртээ 10 хоног халдвар хамгааллын дэглэм баримтлан /өөрийгөө тусдаа өрөөнд гэр бүлийнхнээс тусгаарлах, тусдаа аяга халбага хэрэглэх, ариутгалын бодисоор болон белезинатай усаар чийгтэй цэвэрлэгээ хийх/ тусгаарлагдах хэрэгтэй. ПСР шинжилгээг гурав болон найм дахь хоногт дүүргийн Хариу арга хэмжээний тандалтын баг гэрээс нь очиж авч байгаа. Зайлшгүй шаардлага /Коронавируст халдварын шинж тэмдэг илэрсэн, биеийн байдал муудсан/-тай нөхцөлд иргэд өрхийн эмчтэйгээ холбогдоно. Дуудлагын дагуу бэлтгэгдсэн баг гэрт нь очиж, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлнэ. Бүх дүүрэгт зөвлөх эмч нарын баг байгуулсан бөгөөд өрхийн эмч нарт зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байна.
НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ