Монгол Улсад батлагдаж буй халдварын тохиолдол өдрөөс өдөрт нэмэгдэж, иргэд хөл хорио үр дүнтэй байгаа эсэх, мөн олон нийтийн сүлжээнд ХӨСҮТ Covid-19 илрүүлэх шинжилгээгээр бизнес хийж байгаа тухай мэдээллийн мөрөөр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Л.Баттөртэй NEWS.MN сайтын сэтгүүлч С.Ундармаа ярилцсан байна.
-Нөхцөл байдал цаашид улам хүндэрнэ гэсэн мэдээллийг зарим хүн өгч байна. Хөл хорио тогтоочхоод байхад хоногтоо мянга, мянгаараа илэрч халдвар буурахгүй байгаа нь юутай холбоотой вэ?
-Хөл хорионы төгсгөлд халдварын хамааралтай нас баралт болоод хүндрэлийн тохиолдол оргилдоо хүрнэ. Яагаад гэвэл тохиолдлын тоо нэмэгдсэнээс хойш 2-3 долоо хоногийн дараагаар хүндрэлүүд гардаг. Иргэд хөл хорио тогтоосон байхад халдварын тохиолдол нэмэгдэж буйд гайхаад байна.
Халдварын тохиолдлыг бид тогтвортой 800-1000 хооронд нэг төвшиндөө барьж байгаа. Өвчинд нууц үеийн хугацаа гэж бий. Тэр үеийн хугацаанд ногдол өндөр гарч байна. Тооцооллоор бол халдварын тохиолдол буурах хандлага руу явах ёстой. Гэхдээ хүмүүсийн бодож байгаа шиг хөл хорио тогтоогоод халдварын тохиолдлын тоо шууд 400-500 хооронд болно гэж байхгүй шүү дээ.
Мөн хөл хорионы хэрэгжилтэд анхаарах шаардлага үүсч байна. Иргэд маань ухамсартай байж, үр хүүхдээ тоглоомын талбайд гаргахгүй, олноор цугласан газарт очихгүй байх хэрэгтэй.
–Нэг шинжилгээний сорьцын хариу хамгийн багадаа хэдэн цагийн дотор гардаг вэ?
-Тодорхой цаг хэлэх боломжгүй. Учир нь сорьц шинжлэх машинаас шалтгаалдаг. Машин сорьцыг унших, шинжлэх явцын хугацаа харилцан адилгүй байдаг. Covid-19-ийг бусад төрлийн амьсгалын замын халдвараас ялган оношлох, халдварын тархалтыг хянах тэрхүү үйл явцад лабораториор баталгаажсан сорьцын дүн мэдээ бол чухал.
-Эмнэлгүүд PCR шинжилгээний хариуг 30 минутаас гурван цагийн дотор гаргаж, эргэлзээтэй хариу өгч байна гэж хардах хүмүүс бий. Сорьц шинжлэх техник хэрэгслийн хүчин чадал хэр байна вэ?
-Түргэвчилсэн шинжилгээний хувьд хариу богино хугацаанд гарна. Харин PCR шинжилгээний тухайд сорьцыг шинжлэх хэрэгсэл болох машины ажиллах хүчин чадлаас хамаарна. Хүмүүс шинжилгээний хариуг хэдхэн минутын дотор гаргаж байгаа талаар лавлаж, тодруулж байна. Энэ тал дээр олон нийтэд нэг ойлголт өгөх нь зөв болов уу гэж бодож байна.
Ярилцлагыг үргэлжлүүлэн News.mn сайтаас уншаарай.
Updown.mn