Р.ЭМҮЖИН
Манай Ерөнхийлөгч нэг ийм л юм яриад байгаа биз. Мань эр “Загалмайлсан эцэг” байхыг уг нь хүссэн, гэвч Дон Корлеоне илүү боловсролтой, илүү нийгмийн чанартай хүн гэдгийг ойлгосонгүй.
Тодруулж хэлбэл шүтэн биширдэг дүрийнхээ мөн чанарыг ухаарсангүй. Түүний PR найруулагч алдарт херо Баатар манайхны нэг дуучнаар ” Загалмайлсан эцэг” киноны дууг монгол хэл дээр дуулуулах санал тавьсан байдаг юм. Нөгөө дуучин маань ” Өө тэгээд би дуулаад, танай нөгөө тогжгорыг дагаад орон даяар хүний тархи угаагаад явж байх уу, тээ” гэж хариулаад студиэс нь гарсан түүхтэй.
Итали, Бразилд ковид-19 гаарч, хүн ам нь хүй олноороо амиа алдаж байхад орчин цагийн Дон Корлеоненууд нь ард түмэндээ гар сунган тусалж, Засгийн газрынхаа хүрэлцэж амжихгүй байгаа гудамж, айл бүрт хүрч ажиллаж эхэлсэн байдаг. Хар тамхины хууль бус бизнесээс олсон орлогоо хүн амдаа зориулж эхэлсэн гэсэн үг. Гэтэл манай цорын ганц Дон Корлеоне вирусын хүнд үед төрөө самарч, төв талбайдаа алалцаж, эв нэгдлээ алдаж, эх орноо тараая гэнэ ээ.
Шуудхан хэлэхэд “Миний албан тушаал, эрх мэдлийн төлөө та нар алалцаад өг л дөө” гэж боловсон бөгөөд тойруу замаар хэлчихлээ. Энэ хүн чухам яагаад ингэтлээ улайрна вэ? Нуулгүй хэлэхэд бид чинь гэмт хэрэгтэн Ерөнхийлөгчтэй. Нөгөө Ерөнхийлөгч маань албан тушаалаасаа үхэн зууралдаж, үсдэн барилцаж, монголчуудад үлдээд байгаа сүүлчийн баялаг болох эх орон, эв нэгдлийг маань самарна, салтаадна гэдгээ зарлачихлаа.
Цаашдаа энэ хүнээс эвгүй үйлдэл энүүхэндээ гэхэд олон гарна, тэр болгонд уул мэт бат сууж, ус мэт амгалан оршихгүй бол төргүй үлдэж, түмэн үймж, Олон Улсын энхийг сахиулах гэрээний дагуу цэнхэр дуулгатнууд орж ирээд гудамж болгонд их буу зооход ойрхон байна шүү. Тэгээд Сирийн араас хөл тавина гэсэн үг шүү дээ. Х.Баттулгатай холбогдсон болгон нь гадагшаа гарч, хил дамнан зугтдаг зуршил угаасаа тогтчихсон шүү дээ. Төмөр зам барина гэж зувчуулсан 280 сая ам доллартой холбогдсон “Либерти Партнерс” компанийн Ч.Ганбат, Монголын төмөр зам компанийн ТУЗ-ын дарга Бат-Эрдэнэ, нөгөө мөнгийг нь Со руу гарын үсэг зурж шилжүүлсэн гэх өөрийнх нь жолооч залуу…бүгд л Монголын хуулиас нуугдсан уу, яахаас ч буцахгүй эзнээсээ айсан уу, хил дамнаад алга болсон.
Монголбанкны Ерөнхийлөгч байх хугацаандаа монгол түмний валютын авдар руу үнэ тогтворжуулах нэрээр гар дүрж, тус авдарт байсан 4.1 тэрбум ам.долларын нөөцийг 1.3 тэрбум болтол цөлмөн, Х.Баттулгын хамаарал бүхий компаниудад 127.2 тэрбум төгрөг хуваарилсан Н.Золжаргал бас гадагшаа зугтсан. Эзнээ Ерөнхийлөгч болж, шүүх прокурорын хонгилоо сэргээхэд нь гүйгээд ирсэн дээ. Х.Баттулга АТГ-т үүсээд байсан Төмөр замын хэргээ Ерөнхийлөгч болмогцоо 2017 оны есдүгээр сард хүчингүй болгуулсан байдаг. За дээр нь нэмбэл Монгол Улсын оффшорын тухай хууль зөрчин, 2020 оны 11 дүгээр сарын 19 хүртэл оффшор данстай ханхалзаж, хулгайн гүйлгээтэй хулмалзаж гүйсэн дээ. Хамгийн сүүлд Прокурорын тухай хууль зөрчиж, албан тушаалаа далимдуулан шүүх прокурорт нөлөөлж байсан нь Эрдэнэтэй хийхээр оролдсон наймаанаас нь илчлэгдсэн.
Прокурорын шийдвэрээр АН-ыг наймаалцана гэнэ ээ. Өөрийнхөө намыг самарчихаад одоо өрөөлийн намыг үгүй хийнэ гэнэ. Захирамж гаргаад болчихдог бол бүх намаа татан буулгаад Баттулгын хаант улс болцгооё л доо. Ядаж Монгол Улсын улс төрийн намын тухай хуулиа уншсан уу, энэ хүн? Сайн ч, муу ч, ард түмний олонхиороо сонгосон төр гэдгийг мартаа юу? Ерөөсөө энэ хүний үйлдэл, үг, алхам бүр нь Монголын эв нэгдэл, тусгаар тогтнолд халтай байдаг. Ерөнхийлөгч байх хугацаандаа НҮБ-ын хуралд ганц ч очоогүй, хөрш Москвад ганц ч албан ёсоор айлчлаагүй хэрнээ жудо бөхийн тэмцээн үзэх гэж хэд хэдэн удаа гадагшаа ниссэн байдаг.
Монгол Улсыг бүрэн эрхт тусгаар улс гэдгийг бүх дэлхийд тунхаглан зарлаж, НҮБ-д бүртгүүлэхэд ганц Хятад л эсэргүүцэн, төлөөлөгч нь татгалзан гараа өргөж байсан юм шүү, хоёр дахь нь манай Еөк өөрийн үйлдлээрээ илэрхийлээд байна уу даа? Тэгснээ энд өөрийнх нь хууль бус асуудлууд яригдаад эхлэнгүүт тэнд Америкт суугаа элчин сайдаа эргүүлэн татна ч гэх шиг. Дипломат харилцаа гэдэг тоглоом юм уу? Тэр Ё.Отгонбаярыгаа соль оо, соль, бөлдөгнөөс нь сайн зулгаа, хамаагүй.
Гэхдээ сонгуулийн синдромтой давхцуулж, дотоодын улс төрийн увайгүй тоглоомтойгоо тусгаар улсын туурганы бодлогыг бүү хольж хутгаад бай. Өөрийнхөө эрх мэдэл, албан тушаалыг авч үлдэхийн тулд олон улсын харилцаагаараа тоглож, эх орон ард түмнээ эвдрэлцүүлж, төрөөрөө наадна гэнэ ээ, энэ хүн. Тийм өндөр үнэтэй албан тушаал уу? Тэгтлээ үнэ цэнэтэй эрх мэдэл үү? МАН муу байж болно, муухай байж болно, монголчууд тэгвэл муу ч гэсэн төртэй байх эрхтэй, өөрсдийн сонгосон төрөө хэцүү цагт тулж түших эрхтэй.
Эсвэл Баянголыг түшиж, эрх мэдлийн төлөө эвгүй болгоныг хийж байгаа Баттулгын яаман дээрээ хүн зодож алдаг хулгайч луйварчдыг түших ёстой юм уу? Энэ улс орон, ард түмэн хэдэн Баттулга байтугайгийнх нь ард гараад, хэдэн зуундаа оршсон юм шүү. Одоо ч бас гарах л болно, олон түмнээрээ эвдрэлцэлгүй, энхийн байдлаа алдалгүй байж байгаад энэ эвгүй хүний, эвгүй цаг үеийн ард гарах юм шүү!