Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ нийслэлийн хэмжээнд нийт 10 байршилд авто замын тэмдэг, хайс арчлалт, авто замын заадас засварлах ажлуудыг хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган, заавар, зөвлөмжийн дагуу хийж байна. Энэ талаар Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын Зам засвар, ашиглалтын хяналтын хэлтсийн дарга Д.Ганбатаас тодрууллаа.
-Зам засварын ажлын явцын талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын үед бид зөвхөн замын заадас засварлах ажил хийх биш, хөдөлгөөн зохион байгуулах тэмдэг, хайс, хашилтын засварын ажлыг хийж байна. Мөн тэмдэг, тэмдэглэгээг угааж цэвэрлэх, хяналтын инженерүүд шаардлага хангахгүй тэмдэг, тэмдэглэгээг газар дээр нь сольж байгаа. Чингисийн өргөн чөлөөний өнгө үзэмжээ алдсан хайс, хашлагыг будаж, сэргээж байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар зам засвар, арчлалтын газрын 10 бригад ажиллаж байгаа. Тэмдэг угаах ажилд хоёр бригад, хайс тэмдэг солих, заадас засварын ажилд дөрвөн бригад ажиллаж байна. Хатуу хөл хорио тогтоосон энэ үед түгжрэл ихтэй хотын гол гудамж, замуудын заадас засварын ажил, нөхөөснүүдийг хийхээр төлөвлөсөн.
-Энэ онд нийт хэчнээн зам, талбайд засвар, арчлалтын ажил хийхээр төлөвлөсөн бэ?
-2021 онд нийслэлийн авто зам арчлалтын төлөвлөсөн ажлын хүрээнд нийт 175 гудамж, зам болон орон сууцны хороолол доторх 65 мянган ам метр авто замд нөхөн эвдрэл, хотын 33 гудамж замд 300 мянган метр заадас, 65359.47 ам метр тэмдэг, тэмдэглэгээ хайс арчлалт, гүүр, хоолой, туннель зэрэг засварын ажил хийхээр ажиллаж байна. Авто зам болон явган зорчигчийн замын заадас нөхөх, зам шинэчлэл, нийтийн эзэмшлийн зам, талбай болон явган зорчигчийн гарц, тэмдэг тэмдэглэгээ, хайс хашлагыг сэргээн засварлах шинэчлэх ажлууд хийгдэж дуусах юм. Ажиллаж байгаа 10 бригадад хөдөлмөрийн аюулгүй байдлын таван инженер өдөр тутмын зааварчилга өгч, ажилчдын аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.
Инженерийн шугам сүлжээний засвар, шинэчлэл, гэрлэн дохио, авто замын гэрэлтүүлгийн засвар шинэчлэл, автобусны буудал, гудамж талбайн хөшөө дурсгал, сандал, хүүхдийн тоглоомын талбай, авто замын гүүрэн гарц зэрэг байгууламжийн өнгө үзэмжийг сэргээн засварлах, ариутгал халдваргүйтгэлийн ажлуудыг хийж байгаа. Мөн нийтийн эзэмшлийн гудамж, талбайн тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, өнгө үзэмжийг сайжруулах тал дээр дүүргүүд өөрсдийн онцлогт тохируулан ажиллаж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС