Сүүлийн өдрүүдэд олон нийтийн бухимдлыг төрүүлээд байгаа нэг зүйл бол хүчирхийлэгчдийн талаарх мэдээлэл юм. Өнөөдрийн нийгмийн харгис үйлдлүүд хүчирхийллээс үүдэж үүнийг дагаад олон охид бүсгүйчүүд үүний золиос болжээ. Хүчирхийлэлтэй тэмцэхийн тулд яг одоо “me_too_mongolia” хөдөлгөөнийг “Бэлгийн дарамт хүчирхийллийг үл тэвчинэ” уриатайгаар зохион байгуулж эхлээд буй.
Нийгэмд бугшсан хэлбэрээр “цэцэглэж” яваа энэ гэмт хэргийн цаана ихэвчлэн улс төрийн хүрээнийхэн эрх мэдэлтнүүд байхаас гадна олны танил эрхмүүд ч багтаж байгааг мартаж болохгүй. Өөрөөр хэлбэл, тэд олны танил царайгаа ашиглаж охид бүсгүйчүүдийг хууран мэхэлж ажлын байрны бэлгийн дарамтад оруулдаг байдал хэдийнэ бат сууриа олсон нь зарим үйл явдлаас харагдаж байна.
Мөн зарим хүчирхийлэгчид хаа нэгтээ хүчээ авч албан тушаалд томилогдох нь бараг энгийн үзэгдэл болжээ. Тухайлбал, саяхан МҮОНРТ-ийн Тамгын газрын даргаар томилогдсон Б.Даваажавыг хамт олон нь хамтарч ажиллах боломжгүй, сургуулийн захирал байхдаа бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгтээ ажлаасаа халагдаж, одоо хүртэл шийтгэл хүлээх нь байтугай МҮОНРТ-ийн хариуцлагатай албан тушаалд томилогдсонд дургүйцэж байгаагаа илэрхийлж эхэлжээ. Түүнд төрийн өндөр босготой байгууллагын хаалгыг нээж өгсөн хүний нь МҮОНРТ-ийн захирал А.Бүрэнбаатар гэдэгтэй олон хүн санал нийлж буй.
Б.ДАВААЖАВ ГЭЖ ХЭН БЭ?
2005 онд Сүхбаатар аймгийн Бичигтийн боомтын Гаалийн газрын даргаар ажиллаж байсан. Боомтын даргаар ажиллах хугацаандаа авлигын гэх тодотголтой хэргийн анхны эзэн холбогдогчоор шалгагдаж явсан. Тэрбээр бусдад авлига өгсөн хэрэгтээ шийтгүүлсэн бөгөөд түүний дараагаар ГЕГ-ын дарга Х.Баатарыг баривчилсан. Х.Баатарын ажлын өрөөнөөс тухайн үедээ 500 мянган ам.доллар бэлнээр, Швейцарын банкинд их хэмжээний доллар хадгалсан нь баримтаар нотлогдож байв. Харин Б.Даваажавын хувьд “Гаалийн” Х.Баатартай нийлж, улсын хилээр онц их хэмжээний төмөр хууль бусаар гаргах ажлыг зохион байгуулсан, иргэд аж ахуйн нэгжээс татвар нэрийн дор 81 сая төгрөгийг хурааж авсан ч тэр мөнгөө улсын санд тушаагаагvй. Иргэн н.Батхуяг, н.Отгон нарын 18 машин төмрийг татваргүйгээр хил гаргаж өгнө гэж хэлээд 20 мянган ам.долларыг авлигад авсан зэрэг гэмт хэргийг тус тус үйлдсэн байна.
Тэрбээр авлигад авсан мөнгөнийнхөө 14 сая төгрөгийг бусдад авлига болгож өгсөн болохыг шүүхээс тогтоожээ. Түүний энэхүү хууль бус гэмт үйлдлийг хуулийн хүрээнд тогтоосноор Б.Даваажавт тухайн үедээ жирийн дэглэмтэй хорих ангид долоон жил хорих ял өгч, шийдвэрлэж байв. Тодруулж хэлбэл, 16 жилийн өмнө ялаар шийтгэгдэж явсан бөгөөд үүнийхээ улмаас улс төр болон бусад албан хаагчдын хар жагсаалтад багтаж явсан нэгэн юм.
Б.Даваажав төрийн албан хаагчдын ямар шалгалт өгөөд ямар байдлаар тэнцсэн нь одоо ч асуулт дагуулж байна.
Учир нь түүний увайгүй, ёс зүйгүй, хүн чанаргүйг илтгэх нэг өгүүлбэрийг Б.Даваажав шүүхийн тогтоол уншсаны дараа хэлсэн байдгийг тухайн үеийн хэвлэлүүд онцолсныг эргэж сөхөхөд илүүдэхгүй байх. Тэрбээр “Би хууль бус шийдвэр биелүүлсэндээ яллагдаж байгаа бол хууль бус шийдвэр өгсөн ГЕГ-ын дэд дарга Д.Энхбаттайгаа хамт хоригдмоор байна” гэснээр шүүх хурал завсарлаж байжээ. Тухайн үед энэ хэргийн шүүх хурлыг Сүхбаатар дүүргийн ерөнхий шүүгч Н.Сүхбаатар даргалж, шүүгч Ц.Нямсүрэн, Э.Хосбаяр нарын бүрэлдэхүүн шүүн тасалж байсан юм.
“Гаалийн” гэх тодотголтой Б.Даваажав ял эдэлснийхээ дараа хэсэг хугацаанд чимээгүй байж байгаад 2018 оноос эхлэн Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төв политехникийн коллежийн захирлаар ажилласан байна. Ингэхдээ багш, ажилчдаа ажлын байрны бэлгийн дарамт үзүүлсэн хэрэг үүсгэжээ. Энэ талаар 2019 оны наймдугаар сарын 29-ний өдөр бэлгийн дарамтад өртсөн багш “Зариг.мн” сайтад ярилцлага өгчээ. Тэрээр, “Би тус сургуульд нийгмийн мэргэжилтнээр ажилладаг. Манай сургуулийн захирал Б.Даваажав 2018 оны есдүгээр сард намайг өрөөндөө байхад орж ирээд унтах санал тавьсан. Би зөвшөөрөөгүй. Дараа нь хэд хэдэн удаа санал тавьж буудалд орохыг хүссэн. Тэгсэн ч зөвшөөрөөгүй. Өөрийнх нь хүслийг биелүүлээгүйн төлөө зургаан сартай жирэмсэн намайг албан тушаалыг бууруулж, хэвлэх үйлдвэрт хортой нөхцөлд ажиллах тушаал гаргасан байдаг. Би үүнийг нь эсэргүүцэж тушаал бууруулсан асуудлыг нь Сүхбаатар дүүргийн шүүхэд, бэлгийн дарамтад оруулсан асуудлыг нь Хүний эрхийн үндэсний комисст гомдол гаргаж өгсөн байгаа. Энд зөвхөн би ганцаараа бэлгийн дарамтад өртөөгүй. Манайд ажилладаг хоёр багш дарамтад өртсөн бөгөөд нэг нь ажлаасаа гарч, нөгөө нь одоо ажлаа хийж байгаа” гэжээ.
Түүний эл хэрэгт Хүний эрхийн үндэсний комисс дүгнэлт хийснээр тухайн үеийн Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны сайд С.Чинзоригийн тушаалаар ажлаас нь чөлөөлжээ. Гэсэн хэдий ч хийсэн гэмт хэрэгтээ ямар нэгэн ял зэмлэл хүлээгээгүйгээр барахгүй одоо МҮОНРТ-ийн Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллах тушаалыг МҮОНРТ-ийн захирал А.Бүрэнбаатараас аваад байгаа юм байна.
Түүнийг төрийн алба хаагчийн наад захын шаардлага хангахгүйг мэдсээр байж олон нийтийн өмчит хэвлэл мэдээллийн байгууллагад улс төрчдийн оролцоотойгоор ийнхүү дэмжигдэх ямар шалтгаан байв.
Асуудлыг хөөгөөд үзэхээр Б.Даваажав нь улс төр талаасаа Хөвсгөлийн фракцид харьяалагддаг, телевизийн талаасаа Төрийн соёрхолт түүхч Д.Өлзийбаатар, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цоодол нарын татаастай, албан тушаалд тавьсан тал нь Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд Л.Энх- Амгалан, үг дуугүй хүлээж авч эздийнхээ тушаалыг биелүүлж байгаа нь А.Бүрэнбаатар нар болоод байгаа юм. Эрх мэдэлтэй, албан тушаалтай хүмүүсээр фракцлуулан орж ирсэн Б.Даваажав дарга үүнийгээ ч баталж хэдхэн хоногийн өмнө хүний нөөцийн албаны хэдэн эмэгтэйчүүдийг номхон зогсоогоод дарамтлаад амжсан байна.
Түүнийг ингэж давраах нөхцөл бололцоог хангаж байгаа зүйл бол нөгөө л албан тушаалын наймаа, хонгилийн үзүүрийн үзүүр, ах дүү, амраг саднаа чирдэг, ёс зүйгүй төрийг бий болгоход “манай хүнийг дэмжээрэй” гэдэг увайгүй шатлалтай үг, бэлгийн хүчирхийлэгчдийг шууд бус утгаараа дэмждэг нь ийнхүү харагдаж байна.
МҮОНРТ-ийн нийт ажиллагсадын 70 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг гэсэн тооцоо бий. Эдгээр эмэгтэйчүүдийн ажиллах эрх, тэд ажлын байрны бэлгийн дарамт үзэхгүй гэх баталгаа өнөөдөр харагдахгүй байна. Тиймээс цаашдаа төрийн байгууллагад ажиллах боловсон хүчнийг сонгож шалгаруулж ажиллуулахдаа ямар намтар түүхтэй, яагаад ажлаас халагдсан, ямар шалтгаанаар ажиллах эрхээ хасуулсан гэдгийг тооцох цаг нэгэнт болжээ.
Төрийн байгууллагын мэргэжлийн, мэргэшсэн боловсон хүчнийг сонгохдоо улстөрчдийн урт гарыг “хугалж” байх ёс зүйн дүрэм кодтой болмоор байна. Нөгөө талаар тус байгууллагад нүүрлэсэн бэлгийн дарамт хүчирхийлэлтэй бодлогын төвшинд тэмцэх цаг үеийн шаардлага ч гараад байгаа аж. Тухайлбал, тус телевизийн нүүр царай болж явдаг хэд хэдэн нэвтрүүлэгч эрхмүүд залуу охидыг клипэнд тоглуулна, зураг авалтад оролцуулна гэсэн нэрийдлээр хоргоож хүчирхийлэхийг оролддог байсан олон тохиолдол гарсан байна.
Эх сурвалж: epress.mn