МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН
ХУУЛИЙН ЦЭЦИЙН
ДҮГНЭЛТ
2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Дугаар 02 Улаанбаатар хот
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.4, 5.6, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг Үндсэн хуулийнхолбогдох заалтыгзөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай
Үндсэн хуулийн цэцийн
хуралдааны танхим 18.20 цаг
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Одбаяр даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонго /илтгэгч/, Г.Туулхүү, Г.Баясгалан, Ж.Эрдэнэбулган нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Б.Баяржаргалыг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд иргэн Д.Үүрцайх, Т.Доржханд, О.Мөнхсайхан нар болон Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд оролцов.
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Гучдугаар зүйлийн 2, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх; мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.6 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн холбогдох заалтыг; мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Арван есдүгээр зүйлийн 1, Гучдугаар зүйлийн 2, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.
Нэг. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны оршин суугч, иргэн Д.Үүрцайх, Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны оршин суугч, иргэн Т.Доржханд нар Үндсэн хуулийн цэцэд хандаж:
“… Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг баталсан билээ. Тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалтад ““нэр дэвшигч” гэж 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшин бүртгүүлж, нэр дэвшигчийн үнэмлэх авсан Монгол Улсын уугуул иргэнийг;” хэлнэ гэж заасан байна. Түүнчлэн мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид тавих шаардлагыг “Нэр дэвшигч хуульд заасан нийтлэг шаардлагаас гадна дараах шаардлагыг хангасан байна: 26.2.1.банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа болон батлан даалтын өр төлбөргүй байх; 26.2.2.татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх, аль нэг компанийн 51 ба түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өргүй байх; 26.2.3.сэтгэцийн эмгэггүй байх.” хэмээн тодорхой болгон хуульчилжээ.
Монгол Улсын Үндсэн хуульд 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд тус нэмэлт, өөрчлөлтөөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдох иргэнд тавигдах шаардлагыг “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.” гэж өөрчилсөн. Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн энэхүү эх бичвэрт хууль зүйн хувьд задлан шинжилгээ хийвэл, Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч нь дараах дөрвөн шаардлагыг ямар нэг эргэлзээ, салаа утгагүйгээр хангасан байх ёстой. Үүнд нэгдүгээрт, тавин нас хүрсэн байх; хоёрдугаарт, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан байх; гуравдугаарт, Монгол Улсын уугуул иргэн байх; дөрөвдүгээрт, өмнө Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байгаагүй байх гэсэн шаардлагууд болно. … Ерөнхийлөгчийн эрх зүйн байдлыг парламентын засаглалтай улсын жишигт нийцүүлэн зарим өөрчлөлт, хязгаарлалтыг Үндсэн хуульд тусгах шаардлагатай байна.” гэж тэмдэглэсэн байна. …
Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг баталсан хууль тогтоогчийн баримталсан зарчим, чуулганы хуралдаанд илэрхийлсэн байр суурь, төслийн хэлэлцүүлгийн явцад өөрчлөгдсөн байдал зэрэгт дүн шинжилгээ хийж үзвэл өмнө Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан хүн дахин сонгогдон ажиллахгүй байх гэсэн хуулийн концепцийг баримтлан энэ талаарх өөрчлөлтийг оруулж өмнө сонгогдсон болон цаашид нэр дэвших бүх хүмүүст хамааруулахаар тогтоосон гэж үзэж байна. Үүнийг Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төсөлд “Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт оруулсан нэмэлт, өөрчлөлтийг 2025 онд болох Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулиас эхлэн дагаж мөрдөнө.” хэмээн тусгасан байсныг батлах үед хасаж баталснаас харж болно. Үндсэн хуульд оруулсан энэхүү нэмэлт, өөрчлөлт болон Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийг 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс дагаж мөрдөж эхлээд байна.
Гэтэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг Улсын Их Хурлаас батлахдаа Үндсэн хуулиар тогтоосон “… зөвхөн нэг удаа сонгоно.” гэсэн буюу “өмнө нь Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байгаагүй байх” гэсэн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй иргэнд тавигдах туйлын тодорхой шаардлагыг хоёрдмол утгаар ойлгож тайлбарлаж болохоор хуульчилсан нь Үндсэн хуулийн зөрчлийг бий болгоод байна.
Үүнээс үзвэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалтад “… Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшин бүртгүүлж …” гэж оруулснаар өмнө Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан хүн дахин нэр дэвших боломжтой мэт ойлгогдохоор хуульчилсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцсэн Улсын Их Хурлын чуулганы хуралдаанд энэхүү мэдээллийг гаргагч иргэн Т.Доржханд нь Улсын Их Хурлын гишүүний хувьд “Үндсэн хуульдаа нэгэнт тодорхой зааж өгсөн зүйлээ энэ хуульдаа тодорхой оруулаач” гэсэн байр суурийг илэрхийлж байжээ. Харамсалтай нь Улсын Их Хурлын ажлын хэсгээс болон Улсын Их Хурал дахь олонхийн бүлгийн гишүүдийн зүгээс тодорхойгүй хариулт өгсөн болоод өнгөрсөн.
Гэтэл хууль тогтоогчдын зүгээс хууль тогтоох үүргээ хагас дутуу биелүүлж, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг батлахдаа эрх зүйт төрийн зарчмын нэг бүрдэл болох эрх зүйн тодорхой болон баталгаат байдлыг хангалгүй, эргэлзээтэй, Монгол Улсын Үндсэн хуультай зөрчилдсөн агуулгатайгаар баталсны үр дагавар нь өнөөдрийн байдлаар олон нийт болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр хууль тогтоогчид, эрдэмтэн судлаачид Үндсэн хуулийн болон уг хуулийн заалтын агуулгыг харилцан адилгүй байдлаар тайлбарлан мэтгэлцэж, эрх зүйн тодорхойгүй байдал үүсэж, хууль дээдлэх болон эрх зүйт төрийн зарчим алдагдсан байдалтай байгаагаар илэрч байна.
Монгол Улсын Үндсэн хуульд заасан шаардлагыг бусад хууль тогтоомжид нарийвчлан тусгахдаа Үндсэн хуульд заасан хүрээнд тусгах шаардлагатай байтал Үндсэн хуульд тодорхой заасан шаардлагыг ойлгомжгүй, хоёрдмол утгатайгаар хуульчлах нь Үндсэн хуулийг зөрчиж буй явдал болох нь эргэлзээгүй юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт нэр дэвшигчид тавигдах шаардлагыг заахдаа урьд өмнө Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байгаагүй байх шаардлагыг орхигдуулсан нь мөн дээрх Үндсэн хуулийн зөрчлийг улам илүү лавшруулж байгаагийн зэрэгцээ Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц … хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх … үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэж заасныг зөрчсөн зөрчлийн шинжийг агуулж байна.
Ийнхүү Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд Ерөнхийлөгчид нэр дэвшигчид тавигдах шаардлагыг тодорхой хуульчлаагүйн улмаас Үндсэн хууль биелэгдэхгүй зөрчигдөх нөхцөл бүрдэж, хэрэв өмнө Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан хүн дахин сонгогдсон тохиолдолд 10-14 жилийн хугацаанд ерөнхийлөгчийн бүрэн эрхийг эдэлж, улмаар нэг хүний засаглалын хэлбэр тогтох нөхцөлийг ч бүрдүүлж болохоор байна. Түүнчлэн одоогийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж буй иргэн нь дахин нэр дэвших эрхтэй хэмээн үзэх тохиолдолд тэрээр нийтдээ 10 жилийн хугацаанд уг албан тушаалыг хаших боломжтой болж, өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан тушаалд 4 жилийн хугацаагаар 2 удаа сонгогдон ажиллаж байсан нэр бүхий иргэдээс давуу эрхтэй болж, Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж заасныг зөрчих нөхцөлийг бүрдүүлэхээр байна.
Нөгөө талаас 2019 оны Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр одоогийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж буй иргэнд болон өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлж байсан иргэдэд нэр дэвших эрх, 10 жилийн хугацаагаар Ерөнхийлөгчөөр ажиллах боломжийг олгосон хэмээн зарим хуульчид, судлаачдын тайлбарлаж буйгаар авч үзвэл тэд бүгд Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг 10-14 жилийн хугацаанд хаших эрхтэй болж, Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “… зургаан жилийн хугацаагаар …” гэж заасныг зөрчсөн хэрэг болно. Тиймээс Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “… зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.” гэж заасан нь урьд өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан тушаалд сонгогдож байсан иргэн нэр дэвших боломжгүй хэмээн хязгаарлан тогтоосон, нэг хүний дарангуйлал тогтохоос сэргийлсэн Үндсэн хууль тогтоогчийн хүсэл зоригийн маш тодорхой илэрхийлэл юм. …
Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн.” гэж заасан байтал Ерөнхийлөгч нь дахин дахин улиран сонгогдохоор байгаа нь Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч бус эрх мэдэлд хүрэх гэсэн оролдлого болон хувирч засаглалын тэнцвэргүй байдал бий болох нөхцөлийг бүрдүүлэхээр байна.
Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.”, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт урьд өмнө Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байгаагүй байх шаардлагыг орхигдуулсан нь дээрх Үндсэн хуулийн зөрчлийг улам илүү лавшруулж байгаагийн зэрэгцээ Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц … хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх … үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэж заасныг тус тус зөрчсөн талаар хянан хэлэлцэж, дүгнэлт гаргаж өгөхийг хүсье.” гэсэн мэдээллийг ирүүлжээ.
Хоёр. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны оршин суугч, иргэн Г.Батаа Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан мэдээлэлдээ:
“Монгол Улсын Их Хурал 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Ерөнхийлөгчөөр дөчин таван нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг дөрвөн жилийн хугацаагаар сонгоно.” гэсэн заалтыг “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.” хэмээн өөрчилж, үүнтэй холбогдуулан Үндсэн хуулийн Гучин нэгдүгээр зүйлийн 7 дахь хэсгийн “Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа улируулан сонгож болно.” гэсэн заалтыг хүчингүй болгосон.
Ингэснээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан хүн, тодруулбал, 2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдож, өнөөг хүртэл ажиллаж байгаа иргэн нь Үндсэн хуульд байгаа “… зөвхөн нэг удаа сонгоно.” гэсэн журмын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд нэр дэвших боломжгүй болсон гэж үзэж байна.
Гэтэл Улсын Их Хурлаас 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд Үндсэн хуулийн энэ журмыг огт харгалзаагүйгээс гадна, тус хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт “50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан Монгол Улсын уугуул иргэн Ерөнхийлөгчөөр сонгогдох эрхтэй.”, 5.6 дахь хэсэгт “Монгол Улсын иргэний … сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлах, … саад учруулахыг хориглоно.” гэж хуульчлан, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр одоо ажиллаж байгаа хүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд нэр дэвших эрхийг олгосон байна. Тодруулбал, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт орсноор Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчид “тавин нас хүрсэн”, “сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан”, “Монгол Улсын уугуул иргэн” гэсэн 3 шаардлага тавигдаж байгаа бөгөөд эдгээр шаардлагыг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр одоо ажиллаж байгаа хүн хангах нь нэн тодорхой юм. Тиймээс Монгол Улсын иргэнийг “Ерөнхийлөгчөөр … зөвхөн нэг удаа сонгоно.” гэсэн журмыг огт авч үзээгүй, нэг удаа сонгогдсон хүнд дахин нэр дэвших боломжийг шууд олгох үр дагавар бүхий Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4, 5.6 дахь хэсгүүд Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийг илэрхий зөрчсөн гэж үзэж байна.
Иймд Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, чандлан сахиулах онцгой бүрэн эрхийн хүрээнд Улсын Их Хурлаас 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4, 5.6 дахь хэсэг нь Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус зөрчсөн болохыг тогтоож, холбогдох арга хэмжээг авч өгнө үү.” гэжээ.
Гурав. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны оршин суугч, иргэн О.Мөнхсайхан Үндсэн хуулийн цэцэд хандаж дараах агуулга бүхий мэдээлэл гаргасан байна. Үүнд:
“Хэрэг, маргааныг шийдвэрлэх зорилгоор Үндсэн хуулийн болон бусад хуулийн заалтыг тайлбарлахад (1) хэл зүйн арга, (2) логик арга, (3) зорилтот арга, (4) түүхчлэх арга, (5) системчлэх арга хэрэглэхийг Монголын эрдэмтэд, хуульчид нийтлэгээр санал болгодог. Эдгээр арга нь онолын хувьд төдийгүй Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрт хүлээн зөвшөөрөгдөж хэрэглэгддэг. Эдгээр таван аргын алийг нь ч хэрэглэн уншвал 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан болон ажиллаж байгаа иргэнд Ерөнхийлөгчид дахин нэр дэвшихийг болон дахин сонгогдохыг хориглодог гэсэн дүгнэлт гарна. Учир нь:
1.Хэл зүйн тайлбараар, Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн текстэд “Ерөнхийлөгчөөр … зөвхөн нэг удаа сонгоно.” гэж хоёрдмол утгагүй, тодорхой, илэрхий агуулгаар заасан.
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхийлөгчөөр дөчин таван нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг дөрвөн жилийн хугацаагаар сонгоно.”, Гучин нэгдүгээр зүйлийн 7 дахь хэсэгт “Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа улируулан сонгож болно.” гэж тус тус заасан байв. Эдгээр текст нь Ерөнхийлөгчийг дөрвөн жилийн хугацаагаар сонгох бөгөөд зөвхөн нэг удаа улируулан сонгож болох тодорхой утгатай байсан. Гэтэл 2019 онд Үндсэн хуулийн оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийг “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.” гэж өөрчлөн найруулж, Гучин нэгдүгээр зүйлийн 7 дахь хэсгийг бүхэлд нь хүчингүй болгосонд тооцсон билээ. … Ингэснээр Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан аливаа иргэн дахин нэр дэвших, эсхүл сонгогдох боломжгүй болсон юм.
Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн текстийг харвал “зөвхөн нэг удаа сонгоно” гэж бий. Өөрөөр хэлбэл, “зөвхөн нэг удаа” гэдэг бол одоогийн Ерөнхийлөгч төдийгүй урьд өмнө Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан ямар ч иргэнийг Ерөнхийлөгчөөр дахин нэр дэвшүүлж болохгүй, дахин сонгож болохгүй гэсэн шууд, тодорхой, маргаангүй утгатай үг юм. …
2.Логик тайлбараар, Ерөнхийлөгчөөр дахин нэр дэвшихийг, эсхүл дахин сонгохыг зөвшөөрвөл логик зөрчил үүснэ.
1992 оны Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт Ерөнхийлөгчөөр сонгогдох насны доод босго нь “дөчин таван нас” байсан бол 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр уг босгыг өндөрсгөж “тавин нас” болгосон. Иймээс 2021 оны болон дараагийн сонгуулиар тавин нас хүрээгүй иргэнийг Ерөнхийлөгчөөр сонгож болохгүй нь маргаангүй тодорхой. 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхийлөгчөөр сонгогдох насны босгыг өндөрсгөснийг хуульд тодорхой тусгаж хэрэгжүүлээд, харин нэмэлт, өөрчлөлт дэх “зөвхөн нэг удаа” сонгох заалтыг хуульд тодорхой тусгалгүйгээр орхих нь логикийн хувьд зөрчилтэй байна.
Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт Ерөнхийлөгчөөр (1) “тавин нас хүрсэн” байх, (2) “сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан” байх, (3) “Монгол Улсын уугуул иргэн” байх, (4) “зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн дөрвөн болзлыг тодорхой бичжээ. Гэтэл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалтад ““нэр дэвшигч” гэж 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшин бүртгүүлж, нэр дэвшигчийн үнэмлэх авсан Монгол Улсын уугуул иргэнийг;” гэсэн утгаар ойлгоно гэж эхний гурван болзлыг заасан байх боловч “зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэх дөрөв дэх болзлыг тодорхой тусгаагүй үлдээжээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, эсхүл 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт “Ерөнхийлөгчөөр сонгогдож байгаагүй байх” гэсэн Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт агуулагдсан дөрөв дэх болзлыг хуульчлаагүй орхигдуулжээ.
3.Зорилтот тайлбараар, 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлал нь Ерөнхийлөгчөөр дахин нэр дэвшүүлэхийг болон дахин сонгохыг хориглодог.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн үзэл баримтлалд “Монгол Улсын Ерөнхийлөгчид тавих насны босгыг 55 болгон нэмэгдүүлж, бүрэн эрхийн хугацааг 6 жилээр зөвхөн нэг удаа сонгохоор өөрчилнө.” гэж тодорхой бичсэн. Үүний цаад шалтгааныг уг төслийн тайлбарт “Ерөнхийлөгчийг парламент-засгийн газрын харилцааны хяналт-тэнцлийн тэнхлэг байлгах нэг арга бол түүнийг дахин …[сонгогдох] эрхгүйгээр харьцангуй урт хугацаагаар …[сонгох] явдал байдаг.” гэж тухайн үед бичжээ. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч дахин нэр дэвших, эсхүл дахин сонгогдохын тулд өөрийн бүрэн эрхийг урвуулан ашиглаж хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцдог байдлыг халж, ийм сэдлийг зогсооход чиглэсэн агуулгатай өөрчлөлтийг Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт оруулж, Гучин нэгдүгээр зүйлийн 7 дахь хэсгийн “Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа улируулан сонгож болно.” гэснийг хүчингүй болгосонд тооцсон билээ.
Иймд 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийг “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.” гэж өөрчлөн найруулж, Гучин нэгдүгээр зүйлийн 7 дахь хэсгийг хүчингүй болгосонд тооцсон нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа болон ажиллаж байсан иргэн дахин нэр дэвшихгүй, дахин сонгогдохгүй байх агуулгатай.
4.Түүхчилсэн тайлбараар, Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн үйлчлэх хугацааг 2025 оноос эхлэхээр байсныг 2021 оноос эхлэхээр өөрчлөн баталсан нь Ерөнхийлөгчид дахин нэр дэвших, дахин сонгогдох боломжгүй болгосон.
2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Улсын Их Хурлын нэр бүхий 62 гишүүн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн зэрэгцээ Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн юм. Энэхүү дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн 2 дугаар зүйлд “Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт оруулсан нэмэлт, өөрчлөлтийг 2025 онд болох Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулиас эхлэн дагаж мөрдөнө.”, харин нэмэлт, өөрчлөлтийн бусад заалтыг 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөх агуулга туссан байсан. Яагаад гэвэл Үндсэн хуулийн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт оруулсан нэмэлт, өөрчлөлтийн текстийн “… зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.” гэсэн нь одоогийн болон өмнөх бүх Ерөнхийлөгчийг Ерөнхийлөгчид дахин нэр дэвшихийг болон дахин сонгогдохыг хориглох агуулгатай байсан учраас одоогийн Ерөнхийлөгч (нэг удаа Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан иргэн)-ийн дахин нэг удаа нэр дэвших буюу сонгогдох боломжийг хаахгүйн үүднээс уг заалтын дагаж мөрдөж эхлэх хугацааг “2025 онд болох Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулиас” эхлүүлэхээр тодорхой зааж, ажлын хэсэг болон дэд хэсгийн хүрээнд ийнхүү ойлгож байсан.
Улсын Их Хурлын 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 72 дугаар тогтоолоор “Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг Улсын Их Хурлаар хэлэлцэж байгаа Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүнээс өргөн мэдүүлсэн төсөлтэй уялдуулах, асуудлыг зөвшилцөх үүрэг бүхий ажлын хэсэг” (цаашид “Зөвшилцөх үүрэг бүхий ажлын хэсэг” гэх)-ийг байгуулж, Монгол Улсын Ерөнхийлөгч нь уг ажлын хэсгийн даргаар ажилласан.
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн хуралдаанд тус Байнгын хорооны дарга С.Бямбацогт “Одоо Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга ирсэн байна. Ерөнхийлөгчийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор Ерөнхийлөгчийн нөгөө бүрэн эрх, Ерөнхийлөгчид тавих шалгууртай холбоотой өөрчлөлтийг бас бид нар ярьж байгаа. Төслөөр бол 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс үйлчилнэ гэж байсан. Ажлын хэсэг дээр бол 2021 оноос 7 дугаар сарын 01 байвал яасан юм гэж ярьсан. Өөр байдлаар бас томьёолоод, шинэ Үндсэн хууль хэрэгжиж эхэлж байгаатай холбоотойгоор шинэ Үндсэн хуулийн орчинд бас Ерөнхийлөгчийн сонгууль явах ёстой байх гэдэг саналууд бас яригдсан. Үүнтэй холбоотой Ерөнхийлөгчийн байр суурийг сонсъё гэсэн юм. Энхболд даргын микрофоныг өгье” гэж хэлсэн. Улмаар тухайн үеийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нь Зөвшилцөх үүрэг бүхий ажлын хэсэг дээр ойлголцсон зөвшилцлийн утгыг дараах байдлаар хэлж, Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт оруулсан нэмэлт, өөрчлөлтийг 2025 онд болох Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулиас бус, харин 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр өөрчлөх байр сууриа илэрхийлсэн. Үүнд:
“З.Энхболд: Анх санаачлахдаа 2025 байсныг 2021 болгох гэж байгаа юм байна, тийм ээ? Энэ ингэх нь зүйтэй л дээ. Яагаад гэхээр Үндсэн хууль өөрчлөгдсөн байдаг, дахиад хуучин Үндсэн хуулийн дагуу сонгууль явуулаад байх нь 2021 болгох нь зүйтэй. Гэхдээ техникийн хувьд ийм хүндрэлүүд гарна, энийг ажлын хэсэг, Байнгын хороо, Улсын Их Хурал харгалзаж үзэхгүй бол болохгүй. Тэрийгээ шинэ сонгуулиас хойш мөрдөнө гэхээр тэрний өмнө явах, 2021 оны 5 дугаар сард явагдах Ерөнхийлөгчийн сонгууль өөрөө шинэ хуулиар явах ёстой. Тэр шинэ хуулиа гаргахын тулд Ерөнхийлөгч сонгуулийн хуулиа өөрчлөх ёстой. Тэгэхээр тэр өдрөөс эхэлж мөрдөж болохгүй, ядаж жилийн өмнө, хагас жилийн өмнө мөрдөхгүй болохоор Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульдаа 6 жилд 1 удаа гэдгээ хийж чадахгүй, хугацаа өөрчлөгдөхгүй шүү дээ.
Тэгэхээр Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулиа батлаад, тэр хууль баталсны дараа оролцох гэж байгаа хүмүүс нь бэлтгэлтэй байхаар бодоод, ядаж хагас жилийн өмнө Улсын Их Хурлын сонгуулийн хуулийг өөрчилдөг шиг процессуудаа явуулаад, гэхдээ тэр хооронд одоогийн ажлаа хийж байгаа Ерөнхийлөгчийг 2021 онд ажлаа дуусах хүртэл нь ажлаа хийх бололцоог нь хангаж өгөхийн тулд нэг шилжилтийн хууль бичихгүй бол болохгүй байх гэж бодож байгаа. 25-ыг 21 болгохоос гадна тийм практик шаардлага гарах болов уу. Яагаад гэвэл Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульдаа өөрчлөлт оруулна. Тэрний дагуу хүмүүс өрсөлдөнө. Тэр хүмүүс хэн нэг нь шалгараад Ерөнхийлөгч болсны дараа нь энэ хууль чинь үргэлжилж эхлэх биш, сонгууль явуулахаас өмнө Үндсэн хуулийнхаа өөрчлөлтийн хугацааг тавихгүй бол болохгүй гэдэг ийм байр суурьтай байна” гэсэн байна.
Ерөнхийлөгч Х.Баттулгын даргалсан Зөвшилцөх үүрэг бүхий ажлын хэсгийн санал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга буюу Ерөнхийлөгчийн бие төлөөлөгч З.Энхболдын байр суурьд үндэслэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн 2 дугаар зүйлд “Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт оруулсан нэмэлт, өөрчлөлтийг 2025 онд болох Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулиас эхлэн дагаж мөрдөнө.” гэж заасныг хасаж, уг Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн бусад заалттай хамт 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөх агуулгаар эцэслэн батлагдсан. Энэхүү Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийг Ерөнхийлөгч 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн зөвшөөрч нотлон баталгаажуулсан билээ.
Нэгэнт өргөн барьсан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн үзэл баримтлал нь Ерөнхийлөгчөөр дахин нэр дэвшихгүй, дахин сонгохгүй гэсэн агуулгатай байсан. Энэ агуулгыг хэлэлцүүлгийн явцад өөрчлөлгүйгээр Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт оруулан баталсан, харин үйлчлэх хугацааг нэмэлт, өөрчлөлтийн бусад заалттай адил буюу 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэхээр заасан. Иймд, Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан хэн ч Ерөнхийлөгчид дахин нэр дэвших, дахин сонгогдох нь Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэг, түүний үзэл баримтлалыг ноцтой зөрчинө.
5.Системчилсэн тайлбараар, … 1992 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр батлагдсан Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Гучин нэгдүгээр зүйлийн 7 дахь хэсэгт байсан анхны заалтуудаар Ерөнхийлөгчөөр дөрвөн жилийн хугацаагаар сонгох, түүнийг зөвхөн нэг удаа улируулан сонгож болохоор байв. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчөөр улиран сонгогдсон тохиолдолд 8 жилээс илүү хугацаагаар ажиллахыг Үндсэн хуулийн анхны үзэл баримтлал хориглож байсан.
Хэрэв 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дараа ч Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан хүмүүс дахин нэр дэвших нь нээлттэй гэж үзээд дахин сонгосон тохиолдолд Ерөнхийлөгчөөр нэг удаа сонгогдож байсан хүмүүс нийт 10 жил, Ерөнхийлөгчөөр 2 удаа сонгогдож байсан хүмүүс нийт 14 жил ажиллах үр дагавар үүснэ. Ерөнхийлөгчөөр 10, 14 жилээр ажиллахыг зөвшөөрөх нь Ерөнхийлөгчөөр 8 жилээс илүү хугацаагаар ажиллахгүй гэх Үндсэн хуулийн суурь үзэл баримтлал зөрчигдөнө. Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь Ерөнхийлөгчөөр 8 жилээс урт хугацаагаар ажиллахгүй байх гэсэн Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалын хүрээнд хийгдэж, Ерөнхийлөгчөөр сонгогдсон бол зөвхөн нэг удаа 6 жилээр ажиллах, үүнээс илүү хугацаагаар ажиллахгүй байх төдийгүй ерөөсөө дахин нэр дэвшихгүй байх агуулгатайгаар батлагдсан юм. …
Ерөнхийлөгчийн бүрэн эрх хугацаатай байх, дахин сонгогдоход хязгаарлалт тавих нь ардчиллын ололт юм. Ийм ч учраас ардчилсан улсуудын дийлэнхэд нэг хүнийг Ерөнхийлөгчийн зөвхөн нэг, эсхүл хоёр бүрэн эрхийн хугацаанаас илүүгээр ажиллахыг засаглалын хэлбэр үл хамааран хориглодог жишигтэй. Тухайлбал, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад Холбооны Улсын Ерөнхийлөгчид “эрх мэдэл төвлөрөхөөс зайлсхийх зорилгоор” зөвхөн нэг удаа дахин сонгогдохыг зөвшөөрдөг. Ерөнхийлөгчөөр хоёроос илүү бүрэн эрхийн хугацаагаар ажиллахыг хориглодог (Финландын Үндсэн хуулийн 54, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Үндсэн хуулийн 54.2, Эстонийн Үндсэн хуулийн 80), эсхүл Ерөнхийлөгчөөр зөвхөн нэгэн бүрэн эрхийн хугацаанд ажиллаж дахин сонгогдохыг хориглодог (Өмнөд Солонгосын Үндсэн хуулийн 70, Израилын Үндсэн хуулийн З.а, З.b).
Ардчилсан бус дэглэмтэй улсуудад ерөнхийлөгч нь гурав, түүнээс дээш бүрэн эрхийн хугацаагаар, эсхүл хэт олон жилээр ажиллах явдал гарч хурцаар шүүмжлэгддэг. Хэдэн бүрэн эрхийн хугацаанд сонгогдож болох вэ гэдэг дээр хязгаарлалтыг тогтоож өгөөгүй тохиолдолд Ерөнхийлөгч нь авторитар дэглэм дор дахин дахин сонгогдох орчныг бүрдүүлэхийн тулд эрх мэдлээ урвуулан ашиглах хүсэлдээ автахаас өөрийгөө байнга сэргийлэх боломжгүй тул ийм хязгаарлалт тогтоож өгснөөр байнга сонгогдох явдлаас урьдчилан сэргийлж байгаагаараа ач холбогдолтой.
6.Ерөнхийлөгчөөр дахин нэр дэвшихийг, эсхүл дахин сонгогдохыг хориглосон нь иргэний сонгох, сонгогдох эрхийг зөрчөөгүй.
Ерөнхийлөгчөөр нэг, эсхүл хоёр бүрэн эрхийн хугацаанаас уртаар ажиллахыг хориглох нь иргэний сонгох, сонгогдох эрхийн зөрчилд тооцогддоггүй. Учир нь, ийм хориглолт нь Ерөнхийлөгч бүхий дийлэнх улсад хэрэгжиж Үндсэн хуульд өөрт нь заагдсан байдаг төдийгүй ардчиллыг өөрийг нь хамгаалахад зайлшгүйд тооцогддог. Бүрэн эрхийн хугацааны хязгаарлалт (дахин сонгогдоход тавих хязгаарлалтыг хэлж байна) нь гадаад талаасаа ард түмний бүрэн эрх, ардчилсан сонголтыг хязгаарлаж байгаа мэт ч гэсэн энэ нь ардчилалд шилжихэд, эсхүл шинэ тутам ардчилалд дэмжлэг үзүүлэхэд хамгийн чухал хэрэгслүүдийн нэг гэж олон улсын сайн туршлага үздэг.
Аливаа сонгогдох албан тушаалд тавигдах болзол, шаардлагыг хуулиар тогтоодог бөгөөд эдгээр болзол, шаардлагыг хангасан иргэн нэрээ дэвшүүлж, иргэд саналаа өгч сонгодог. Жишээлбэл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт “Нэр дэвшигч хуульд заасан нийтлэг шаардлагаас гадна дараах шаардлагыг хангасан байна: 26.2.1.банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа болон батлан даалтын өр төлбөргүй байх; 26.2.2.татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх, аль нэг компанийн 51 ба түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өргүй байх; 26.2.3.сэтгэцийн эмгэггүй байх.” гэж заасан. Энд дурдсан болзол, шаардлагыг хангаагүй иргэний өөрийнх нь “сонгогдох эрх”-ийг зөрчсөн гэж үздэггүй, мөн ийм болзол, шаардлага хангаагүй иргэнийг сонгох боломжгүй байгаа нь бусад иргэний “сонгох эрх”-ийг зөрчсөн гэж үздэггүй. Үүнтэй адилхан Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан, эсхүл ажиллаж байгаа иргэнийг дахин нэр дэвшихийг, эсхүл дахин сонгогдохыг хориглосон нь иргэний сонгох, сонгогдох эрхийг зөрчөөгүй юм.
7.Ерөнхийлөгчөөр дахин нэр дэвшихийг, эсхүл дахин сонгогдохыг хориглох асуудалд “хууль буцаан хэрэглэхгүй байх зарчим” үйлчлэхгүй.
Хууль буцаан хэрэглэхийг хориглох зарчим нь эрүүгийн эрх зүйгээс бусад салбарт ерөнхийдөө үйлчилдэггүй. Жишээлбэл, хууль буцаан хэрэглэхийг хориглох дүрэм нь зөвхөн эрүүгийн эрх зүйн асуудалд үйлчлэх бөгөөд шүүгчийн сахилгын процедур бол мөн чанарын хувьд эрүүгийн эрх зүйн шинжтэй биш учраас шүүгчийн ёс зүйг ноцтой зөрчсөн зөрчлийг Шүүгчийн ёс зүйн дүрэмд хориглоогүй байсан ч гэсэн тухайн шүүгчид сахилгын шийтгэл ногдуулж болно гэж үздэг. …
8.Үндсэн хуулийн дагуу хуульд заавал тусгаж зохицуулах харилцааг тийнхүү зохицуулаагүй нь Үндсэн хуулийн зөрчил болно.
Тодорхой асуудлаар хууль гаргаж зохицуулах үүргийг хүлээсэн ч парламентаас тийнхүү хууль гаргаагүй эс үйлдэхүйг Үндсэн хуульд нийцсэн эсэхийг хянан шийдвэрлэх тохиолдол Үндсэн хуулийн шүүхэд байдаг. Тодорхой асуудлаар хууль гаргахаар Үндсэн хуульд заасан атал хууль тогтоогчоос тэрхүү үүргээ биелүүлээгүй, өөрөөр хэлбэл, хуулийг гаргаагүй тохиолдол (эс үйлдэхүй) байхыг үгүйсгэхгүй. …
Энэхүү мэдээлэлд дурдсан маргааныг хянан шийдвэрлэхэд Үндсэн хуулийн цэц негатив хяналтыг хэрэгжүүлэх боломжтой. Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн Ерөнхийлөгчөөр “… зөвхөн нэг удаа сонгоно.” гэх тодорхой, үүрэг болгосон шаардлагыг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд тусгаагүй, Ерөнхийлөгч байгаа болон байсан хүнийг сонгохыг тодорхой хориглоогүй эс үйлдэхүй нь Үндсэн хуулийн зөрчил мөн бөгөөд Үндсэн хуулийн цэцийн харьяаллын маргаан юм. Түүнчлэн, Үндсэн хуулийн цэцийн өмнөх шийдвэрүүдэд Улсын Их Хурлын эс үйлдэхүйгээрээ Үндсэн хуулийг зөрчиж байсныг тогтоож байсан жишгүүд байдаг.
Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан болон ажиллаж байгаа иргэнийг Монгол Улсын Ерөнхийлөгчид дахин нэр дэвшихийг, эсхүл дахин сонгохыг зөвшөөрсөн мэт агуулгатай байх тул Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Гучдугаар зүйлийн 2, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн болохыг тогтоож хүчингүй болгож өгнө үү.” гэсэн байна.
Мөн иргэн О.Мөнхсайхан Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэг Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Гучдугаар зүйлийн 2, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн эсэхийг тогтоолгохоор мэдээллийн шаардлагаа нэмэгдүүлсэн болно.
Дөрөв. Уг маргаанд холбогдуулан Монгол Улсын Их Хурлаас Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн хариу тайлбартаа:
“… 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Улсын Их Хурлын нэр бүхий гишүүд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн. Уг нэмэлт, өөрчлөлтийн төслийн үзэл баримтлалд, Монгол Улсын Үндсэн хууль батлагдан мөрдөгдөж ирсэн 27 жилийн хугацаанд хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн хяналт-тэнцэл нь Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалын дагуу хэрэгжиж чадаагүй; улс төрийн нөлөөллөөс шалтгаалан шүүх эрх мэдлийн хараат бус, хариуцлагатай байдал суларч, иргэдийн шүүхэд итгэх итгэл буурсан; Үндсэн хуулийн хэрэгжилтэд тавих хяналт хараат бус, хариуцлагатай байх эрх зүйн орчин бүрдээгүй зэрэг дүгнэлтүүдэд үндэслэн Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ, шаардлагууд байгааг дурдсан.
Үүний дотор гүйцэтгэх эрх мэдэлтэй холбоотой тулгамдсан асуудлуудын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн талаарх Үндсэн хуулийн одоогийн зохицуулалт нь Ерөнхийлөгчийг хууль тогтоох эрх мэдэлтэй зэрэгцсэн, парламентын хяналтаас гадна байдаг, тодорхой хуулиар бүрэн эрхийг нь нэмэгдүүлж болдог, хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх бололцоо бүхий институт болгожээ. Иймд Ерөнхийлөгчийн эрх зүйн байдлыг парламентын засаглалтай улсын жишигт нийцүүлэн зарим өөрчлөлт, хязгаарлалтыг Үндсэн хуульд тусгах шаардлагатай гэдгийг тусгасан.
Үүний дагуу Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн 3 дугаар зүйлд “4/Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэг: “2.Ерөнхийлөгчөөр тавин таван нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.” гэж өөрчлөн найруулахаар; мөн Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төсөлд “2 дугаар зүйл. Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт оруулсан нэмэлт, өөрчлөлтийг 2025 онд болох Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулиас эхлэн дагаж мөрдөнө.” гэж томьёолсон заалтууд тус тус тусгагдсан байсан. Харин хэлэлцүүлгийн явцад Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөх хугацааг 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр байхаар санал гарсныг Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёрын саналаар дэмжсэн болно.
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт нэмэлт, өөрчлөлт орж, Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа 6 жилийн хугацаагаар сонгох болсон нь тухайн асуудлаар эрх зүйн шинэ орчин бүрдүүлж, шинэ нөхцөл байдал үүсгэсэн. Энэ нь одоо бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа болон урьд нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүний нэр дэвшиж болох эсэх эрхийг хөндөөгүй бөгөөд үүнийг Үндсэн хуулийн үзэл баримтал, зарчимд нийцүүлж шийдвэрлэх асуудал гэж ойлгож байна.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалд нийцүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг боловсруулж, баталсан. Уг хуулиар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулж явуулах үндсэн зарчим, журмыг тодорхойлж, түүнтэй холбогдсон харилцааг зохицуулах, Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхийг хангах зорилтыг тавьсан болно.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хууль тогтоомж нь Монгол Улсын Yндсэн хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжоос бүрдэнэ.” гэж заасан бөгөөд энэ хууль нь Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулж явуулахтай холбоотой зарчим, журмыг тодорхойлсон процедурын хэм хэмжээг тогтоосон процессын хууль юм. Ийм учраас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд Ерөнхийлөгчид нэр дэвшигч нь Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тавин нас хүрсэн; сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан; Монгол Улсын уугуул иргэн байх гэсэн тодорхой гурван шаардлагыг тусгасан болно. Мөн уг хуулийн 5 дугаар зүйлийн 5.4, 5.6 дахь хэсэгт нэр дэвшигчид тавих нийтлэг шаардлагыг, 26 дугаар зүйлийн 26.2, 26.3, 26.4, 26.5, 26.6 дахь хэсэгт тусгай шаардлагыг тус тус тусгасан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл, хэлэлцүүлгийн явцад гарсан саналуудад мөн одоо бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа болон урьд нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүний нэр дэвшиж болох эсэх асуудал хөндөгдөөгүй.
Ерөнхийлөгчийн бүрэн эрх, халдашгүй байдал, тэдгээрийн баталгааг тогтоох, хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийг Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалд нийцүүлэн шинэчлэн батлах асуудлыг 2021 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх ба үүнийг Монгол Улсын Их Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 23 дугаар тогтоолд тусгасан болно.
Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.4, 5.6 дахь хэсэг, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.” гэсэн байна.
Тав. Уг маргаанд холбогдуулан Сонгуулийн ерөнхий хорооноос Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 1/54, мөн оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 1/68 дугаар албан бичигт:
“Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6 дахь хэсэг, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг тодорхойлсон. Нэр дэвшигч нь Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасан нийтлэг болон тусгай шаардлагуудыг хангаж байгаа эсэх талаар Сонгуулийн ерөнхий хороо нь тодорхойлолт, лавлагаа гаргахгүй бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2, 28.5 дахь хэсэгт зааснаар холбогдох эрх бүхий байгууллагуудын дүгнэлт, тодорхойлолт, лавлагааг үндэслэж нэр дэвшигчийг бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэхээр хуульчилсан.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.6 дахь хэсэгт зааснаар Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авах хугацаа дууссанаас хойш гурав хоногийн дотор буюу 2021 оны 5 дугаар сарын 06-аас 08-ны өдрийн дотор нэр дэвшигчийг бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ.
Иймд Сонгуулийн ерөнхий хороо нь нэр дэвшигчийг бүртгэх эсэх асуудлаар хэзээ дүгнэлт гаргах, шийдвэрлэхийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд тодорхой хуульчилсан байх тул иргэнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгэх эсэх асуудлаар урьдчилан байр суурь илэрхийлэх, дүгнэлт гаргах боломжгүй байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт “50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан Монгол Улсын уугуул иргэн Ерөнхийлөгчөөр сонгогдох эрхтэй.” гэж нэр дэвшигчид тавигдах нийтлэг шаардлагыг хуульчилсан.
Уг нийтлэг шаардлагад тавигдаж буй 50 нас хүрсэн байх, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан байх болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан нэр дэвшигчид тавигдах тусгай шаардлагуудыг хангаж буй эсэхийг мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт заасны дагуу эрх бүхий байгууллагуудын тодорхойлолт, лавлагааг үндэслэн нэр дэвшигч нь дээрх шаардлагуудыг хангаж буй эсэх асуудлаар дүгнэлт гаргах боломжтой. Харин нэр дэвшигч нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан шаардлагад нийцэж буй эсэх асуудлаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нарийвчилсан зохицуулалт тусгагдаагүй нь хуулийг нэг мөр хэрэгжүүлэхэд болон сонгуулийг зохион байгуулахад хүндрэл үүсгэх нөхцөлийг бүрдүүлж байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭЛ:
1.Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд иргэдийн саналыг тусгах зорилгоор Монгол Улсын Их Хурлын 2017 оны 39 дүгээр тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард түмний оролцоог хангах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулж, Улсын Их Хурлын даргын 2017 оны 107 дугаар захирамжаар олон нийтийн санал авах хэлэлцүүлгийг улсын хэмжээнд явуулсан байх бөгөөд энэ хүрээнд Улсын Их Хурлын Тамгын газар 2017 оны 7 дугаар сараас мөн оны 12 дугаар сард 21 аймаг, нийслэлийн хэмжээнд нийт 68 удаагийн бүсчилсэн хэлэлцүүлэг зохион байгуулж, улсын хэмжээнд нийт 327375 иргэнээс 5584832 нэгж санал хүлээн авч, нийтэд мэдээлжээ. Улмаар 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг Улсын Их Хурал баталж, Монгол Улсад улс төр, хууль зүйн шинэ нөхцөл тогтоосон байна. Энэхүү нэмэлт, өөрчлөлт хууль тогтоогчдын хүсэл зоригоос гадна ард нийтийн хүсэл зоригийг илэрхийлсэн гэж үзэхээр байна.
2.Монгол Улсын Их Хурал 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Ерөнхийлөгчөөр дөчин таван нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг дөрвөн жилийн хугацаагаар сонгоно.” гэсэн зохицуулалтыг “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.” гэж өөрчлөн найруулж, тус хуулийн Гучин нэгдүгээр зүйлийн 7 дахь хэсгийн “Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа улируулан сонгож болно.” гэсэн заалтыг хүчингүй болсонд тооцжээ.
3.Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн Зургадугаар зүйлд зааснаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 12 цагаас эхлэн улс орон даяар дагаж мөрдөхөөр хуульчилжээ. Харин Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуульд дээр дурдсан Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт тусгай журам үйлчлэх талаарх зохицуулалт тусгагдаагүй байна. Хууль буцаан хэрэглэх зарчим нь Үндсэн хуулийн хэм хэмжээний үйлчлэлд хамаардаггүй тул холбогдох зохицуулалтын талаар дагаж мөрдөх тусгай журам тогтоогоогүй нөхцөлд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь хүчин төгөлдөр болмогц шууд үйлчилнэ. Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт болон түүнийг дагаж мөрдөх харилцааг зохицуулсан хуулиас үзэхэд Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчид тавьсан шалгуур, хязгаарлалт нь тус нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр болсон хугацаанаас (өдөр, цагаас) нэгэн зэрэг үйлчлэхээр байна.
4.Улсын Их Хурлаас 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг батлахдаа уг хуульд Ерөнхийлөгчөөр зөвхөн нэг удаа сонгох Үндсэн хуулиар тавьсан нийтлэг шаардлагыг тусгалгүй орхигдуулж, өмнө нь Ерөнхийлөгчөөр сонгогдсон иргэн Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт мөрдөгдөж эхэлсэн буюу 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс хойш зохион байгуулагдах Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэрээ дэвшүүлэх эрх нээлттэй эсэхийг тодорхой хуульчлаагүйгээс эрх зүйн тодорхой байх зарчим, хүний эрх, эрх чөлөөг хангах хууль зүйн баталгаа алдагдах нөхцөл бүрдэж, маргаантай байдал үүсгэсэн байна. Тухайлбал, Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооноос ирүүлсэн 2021 оны 1/68 дугаар албан бичигт “нэр дэвшигч нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан шаардлагад нийцэж буй эсэх асуудлаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нарийвчилсан зохицуулалт тусгагдаагүй нь хуулийг нэг мөр хэрэгжүүлэхэд болон сонгуулийг зохион байгуулахад хүндрэл үүсгэх нөхцөлийг бүрдүүлж байна.” гэжээ.
Түүнчлэн, маргааныг шалгах явцад цугларсан баримт, холбогдох судалгаа, үндсэн хуулийн болон сонгуулийн эрх зүйн онол, номлол, Үндсэн хуулийн шүүхүүдийн туршлагаас үзэхэд төрийн тэргүүний бүрэн эрхийн хугацаа болон сонгогдох давтамжийг хязгаарласан хуулийн зохицуулалт тухайн улсын Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг Үндсэн хуулийн шүүх, эсхүл түүнтэй адилтгах шүүхээр хянан шийдвэрлэдэг жишиг түгээмэл байна.
5.Монгол Улсын Их Хурлаас Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбарт “… 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Улсын Их Хурлын нэр бүхий гишүүд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн. Уг нэмэлт, өөрчлөлтийн төслийн үзэл баримтлалд … Ерөнхийлөгчийн эрх зүйн байдлыг парламентын засаглалтай улсын жишигт нийцүүлэн зарим өөрчлөлт, хязгаарлалтыг Үндсэн хуульд тусгах шаардлагатай гэдгийг тусгасан. Үүний дагуу Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн 3 дугаар зүйлийн 4 дэх заалтад “Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийг “Ерөнхийлөгчөөр тавин таван нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.” гэж өөрчлөн найруулахаар, мөн Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төсөлд “2 дугаар зүйл. Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт оруулсан нэмэлт, өөрчлөлтийг 2025 онд болох Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулиас эхлэн дагаж мөрдөнө.” гэж томьёолсон заалтууд тус тус тусгагдсан байсан. Харин хэлэлцүүлгийн явцад Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөх хугацааг 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр байхаар санал гарсныг Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёрын саналаар дэмжсэн болно.” гэжээ.
Уг тайлбараас үзэхэд хууль тогтоогч Ерөнхийлөгчийн эрх зүйн байдлыг парламентын засаглалтай улсын жишигт нийцүүлэн зарим өөрчлөлт, хязгаарлалтыг Үндсэн хуульд тусгах шаардлагын хүрээнд дээр дурдсан Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийг өөрчлөн найруулж холбогдох хязгаарлалтыг тогтоосон байх бөгөөд тухайн хязгаарлалтын үйлчлэх хугацааг тусгайлан тогтоохоор төсөлд тусгасан байсныг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн нэгэн адил буюу нийтлэг байдлаар үйлчлэхээр тогтоосон байна.
Дээрх үндэслэлийн дагуу баталсан Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “… зөвхөн нэг удаа сонгоно.” гэсэн заалт, мөн энэ хүрээнд тус хуулийн Гучин нэгдүгээр зүйлийн 7 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсон нь агуулгын хувьд урьд өмнө Ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан болон ажиллаж байгаа иргэн дахин Ерөнхийлөгчид нэр дэвшихгүй байх утгыг илэрхийлж байна.
6.Ардчилсан Үндсэн хуульт улсад ямар ч тохиолдолд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд тодорхой хязгаар байх ёстой бөгөөд тухайн албан тушаалд дахин сонгогдоход хязгаарлалт тогтоох нь хүний эрхэд, тэр дундаа улс төрийн эрхэд үл хамаарах юм. Учир нь дахин сонгогдох асуудал бол өмнө сонгогдох эрхээ эдэлсэн этгээдэд хамаарах бөгөөд уг эрхээ эдэлсэнд тооцогддог нь Үндсэн хуулийн болон сонгуулийн эрх зүйд нэгэнт тогтсон, олон улсын нийтлэг жишиг болно.
7.Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалтад ““нэр дэвшигч” гэж 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшин бүртгүүлж, нэр дэвшигчийн үнэмлэх авсан Монгол Улсын уугуул иргэнийг” ойлгохоор зааж, мөн уг хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан Монгол Улсын уугуул иргэн Ерөнхийлөгчөөр сонгогдох эрхтэй байхаар хуульчилжээ.
Мөн тус хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсгийн зохицуулалтаар нэр дэвшигчид тавигдах тусгай шаардлагыг тодорхойлсон бөгөөд уг хэсгийн 26.2.1-26.2.3 дахь заалтад банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа болон батлан даалтын өр төлбөргүй байх; татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх, аль нэг компанийн 51 ба түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өргүй байх; сэтгэцийн эмгэггүй байх гэсэн гурван шаардлагыг тогтоосон байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн Ерөнхийлөгчид нэр дэвшигчид тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг тодорхойлсон дээр дурдсан зохицуулалтын агуулгаас үзэхэд Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Монгол Улсын Ерөнхийлөгчид тавигдах нийтлэг шалгуур, шаардлагыг бүрэн зааж, нэг мөр тодорхой тусгаагүй байна. Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн зохицуулалтаар тогтоосон тавин нас хүрсэн; сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан; Монгол Улсын уугуул иргэн байх гэсэн нийтлэг шаардлагыг дээрх хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт тусгасан боловч, “зөвхөн нэг удаа сонгох” буюу урьд нь Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаагүй байх хязгаарлалтыг тус хуулийн дээрх заалтуудад тодорхой тусгаагүй байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох зохицуулалтын агуулгыг уг хуульд бүрэн тусгаагүйн улмаас дээрх шаардлагыг хангасан иргэнийг нэр дэвшүүлэх хууль зүйн боломж бүрдэхгүй болох, улмаар эрх зүйн тодорхой бус, хийдэлтэй байдлыг үүсгэж, Үндсэн хуулиар баталгаажсан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчмыг зөрчих үндэслэлийг бүрдүүлсэн байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг хэлэлцэн баталсан Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэлтэй танилцахад хууль зүйн тодорхой бус байдал үүсэхээр байгаа талаар Улсын Их Хурлын нэр бүхий гишүүдээс санал гаргаж байсныг тэмдэглэх нь зүйтэй байна.
8.Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас ирүүлсэн тайлбарт тэмдэглэсэн Үндсэн хуулийн цэцийн 1997 онд хянан шийдвэрлэсэн маргаан нь агуулга, маргаан бүхий эрх зүйн акт, маргагч талуудын хувьд аль аль нь иргэдийн мэдээллийн дагуу үүссэн энэхүү маргаанаас өөр байна. Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 1997 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Сонгуулийн ерөнхий хорооны “П.Очирбатыг Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгох тухай” 1997 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 03 дугаар тогтоол Үндсэн хуулийн Гучин нэгдүгээр зүйлийн 7 дахь хэсгийг буюу “Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа улируулан сонгож болно.” гэж заасныг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэж 03 дугаар дүгнэлт гарчээ. Уг маргааны гол агуулга нь “П.Очирбат 1990 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Ардын Их Хурлаас Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон нь Монгол Улсын Үндсэн хууль (1992 оны)-д заасан Ерөнхийлөгчөөр сонгогдсонд тооцогдох эсэх асуудал байсан бөгөөд Пунсалмаагийн Очирбат 1990 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Ардын Их Хурлаас Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсоныг Үндсэн хуулийн дагуу нийт ард түмнээс Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэхгүй, харин 1993 онд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр нэг удаа сонгогдсон байх тул дахин 1997 онд улиран сонгогдох эрх нь нээлттэй байна гэж үзээд Сонгуулийн ерөнхий хорооны уг тогтоолыг Үндсэн хуулийн Гучин нэгдүгээр зүйлийн 7 дахь хэсгийг зөрчөөгүй байна гэж дүгнэсэн байна. Өөрөөр хэлбэл, тухайн үед Ерөнхийлөгч асан Пунсалмаагийн Очирбатыг шинэ Үндсэн хуулийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчөөр нэг удаа сонгогдчихоод байгааг тогтоожээ.
Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль … бүрнээ нийцсэн байвал зохино.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна.
Харин иргэн Г.Батаагийн мэдээллийн шаардлагад тусгасан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6 дахь хэсгийн “Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлах, сонгогчоос саналаа чөлөөтэй илэрхийлэхэд хөндлөнгөөс нөлөөлөх, саад учруулахыг хориглоно.” гэсэн зохицуулалт нь иргэдийн Үндсэн хуулиар баталгаажсан сонгох, сонгогдох эрхийг хангахад чиглэсэн агуулгатай байх бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгтэй шууд хамааралгүй байна. Мөн мэдээлэл гаргагч Д.Үүрцайх, Т.Доржханд, О.Мөнхсайхан нарын мэдээлэлд дурдсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсгийн зохицуулалтаар нэр дэвшигчид тавигдах тусгай шаардлагыг тодорхойлоод, хуульд заасан нийтлэг шаардлагыг мөн баримтлахыг тодотгон заасан байна.
9.Түүнчлэн Хууль тогтоомжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.7 дахь заалтад хуулийн төслийн агуулга нь “бусад хуулийн заалтыг давхардуулан заахгүйгээр шаардлагатай бол түүнийг эш татах, энэ тохиолдолд эшлэлийг тодорхой хийж, хуулийн нэр болон хэвлэн нийтэлсэн албан ёсны эх сурвалжийг бүрэн гүйцэд заасан байх;” нийтлэг шаардлага хангасан байна гээд, мөн хуулийн 32 дугаар зүйлд уг эшлэлийг хэрхэн хэрэглэх талаарх зохицуулалтыг нарийвчлан тусгажээ.
Гэтэл Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн холбогдох зохицуулалтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг батлахдаа мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт давхардуулан зааж, шаардлагатай тохиолдолд түүнийг эш татах хуулийн нийтлэг шаардлагыг хангаагүйгээс хууль хоорондын зөрчлийг бий болгож, хууль дээдлэх зарчмыг зөрчих нөхцөл бүрдүүлсэн байгааг тэмдэглэе.
Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:
1.Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль … бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасныг зөрчсөн байна.
2.Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийг; мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Арван есдүгээр зүйлийн 1, Гучдугаар зүйлийн 2, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг тус тус зөрчөөгүй байна.
3.Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалтын “… 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, … уугуул …”; мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсгийн “50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, … уугуул …” гэсэн заалтыг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн тус тус түдгэлзүүлсүгэй.
4.Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.