ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч, асуултад хариуллаа.
-Халдварын нөхцөл байдлын мэдээллийг өгнө үү?
-Халдвар нэлээд нэмэгдэж байна. Нэг хүнд оногдох тохиолдлын тоогоор маш өндөр байна. Цар тахлын үед гэртээ байгаа иргэддээ болон халдварын бүст ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнууддаа талархаж байгаагаа илэрхийлье. Сүүлийн үед ХӨСҮТ рүү маш их дайралт ирж байна. Энэ нь эмч, эмнэлгийн ажилтнуудын сэтгэл санаанд сөргөөр нөлөөлж байна. Энэ цаг үед ачааллыг үүрч байгаа эмч, эмнэлгийн ажилтнууддаа урам зориг өгөх тал дээр нэгдье.
-Улаанбаатар хотоос гадна орон нутгуудад орны асуудлыг хэрхэн шийдэж байгаа вэ?
-Аймгийн нэгдсэн эмнэлгүүд орны нөөцөө тохируулаад явж байна. Шаардлагатай бол хувийн эмнэлгүүдтэй хамтран ажиллах нөхцөл боломж нээлттэй. Орыг хэдээр ч хамаагүй дэлгэж болж байна. Гол нь хүний нөөц хязгаарлагдмал байна.
-Батлагдсан тохиолдлын хэд нь хүүхдүүд байна вэ?
-Дөрөвдүгээр сарын 18-ны байдлаар нийт 21915 хүн халдвар авсан байгаа бөгөөд үүний 20 хувь нь хүүхдүүд байна. Нийт 0-18 насны 4412 хүүхэд халдвар авсан байна. 14-өөс доош насны хүүхэд хүндэрсэн тохиолдол харьцангуй бага байгаа. Гэхдээ ямар ч насны хүүхэд хүндрэх эрсдэлтэй. Вакцинд хамрагдаагүй байгаа учраас хүүхдүүд ч хүндрэх эрсдэлтэй.
Л.Баяр