Токиогийн зуны олимпийг зохион байгуулагчид наадамд оролцох тамирчдын коронавирусний шинжилгээний давтамжийг нэмэгдүүлж, өдөр бүр шинжилгээ авах асуудлыг хэлэлцэж байна.
Олимп, паралимпийн наадмын асуудал эрхэлсэн сайд Тамаё Марүкава баасан гарагт хэвлэлийн хурал хийх үеэрээ, “Зарим улс тамирчдаа вакцинжуулсан байхад зарим нь вакцинжуулаагүй. Бид аюулгүй тэмцээн явуулж, бүх улс орноос тамирчдыг ирүүлнэ. Тиймээс өдөр бүр шинжилгээ авах боломжийг нарийн хэлэлцэж байна” гэжээ.
Үүнээс өмнө тамирчдаас 4 хоногт дор хаяж 1 удаа шинжилгээ авна гэсэн урьдчилсан дүрэм гараад байсан юм. Энэ журмын дагуу спортын төрөл, тэмцээний хуваариас хамааран PCR шинжилгээ авна. Олимп, Паралимпийн тосгонд тусгай лаборатори тамирчдаас шинжилгээ авах бол өөр газар буудалласан тамирчдыг шинжилгээ өгөхөд нь тусгай тээврийн хэрэгсэл үйлчилнэ гэж заажээ. Харин шинжилгээний хариуг гар утасны тусгай цэсээр дамжуулан гаргах юм байна. Хэрэв энэ үеэр халдвар илэрвэл бусад тамирчдад халдвар авсан тамирчинтай хавьтсан уу гэдгийг өөр нэг цэсээр хянах боломж олгож, эрсдэл байгааг заана. Энэ цэсийг Японд өнгөрсөн оны зунаас эхлэн хэрэглэж буй бөгөөд Токиогийн Олимпод оролцохоор ирсэн хүмүүст зайлшгүй суулгах юм байна.
Орчуулагч: Марта