Хөл хорио тогтоож, иргэн бүрт 300,000 төгрөг олгосонтой холбогдон Дундговь аймагт хүнсний бүтээгдэхүүний үнэ өслөө гэсэн гомдлын дагуу аймгийн ЗДТГ-ын ХЗХ-ийн даргаар ахлуулсан мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл бүхий баг хяналт, шалгалт хийж, хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөөгүй гэсэн дүгнэлтийг хийсэн байна.
Энэ талаар аймгийн ЗДТГ-ын ХЗХ-ийн дарга Б.Түвшинбаяр “Иргэдээс хорио цээрийн дэглэм тогтоосонтой холбоотойгоор хүнсний өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж байна, огцом өслөө гэсэн санал гомдол аймгийн Онцгой комисст ирсний дагуу аймгийн ЗДТГ, Онцгой байдлын газар, Сайнцагаан сумын ЗДТГ-ын холбогдох албан тушаалтнууд оролцсон ажлын баг аймагт ажиллалаа.
Энэ үеэр хүнсний зах, Дэлгэрхангай плаза, Ялгуум, Хайрхан, Цоглог плаза, Өндөр ээж гэх мэт томоохон хүнсний худалдаа эрхэлдэг төвүүдээр орж, үнэ ханштай нь танилцлаа.
Аймгийн хэмжээнд хөл хорио тогтоосонтой холбоотой хүнсний өргөн хэрэглээний барааны үнэ өсөөгүй байна. Харин зарим төрлийн бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгджээ. Тухайлбал, сүүний үнэ нэмэгдсэн байна. Энэ нь савладаг баглаа сав, боодлын үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор нэмэгдсэн гэнэ. Харин махны үнэ өсөөгүй байна. Махны үнэ нэг кг нь 8000-9000 төгрөг байна. Шинэ мах гарсантай холбоотойгоор зарим газраас ирсэн мах харьцангүй үнэтэй 11000 төгрөгөөр худалдаж байсан. Цул мах хонь, ямаа ялгаагүй ястай махнаас 3000-4000 төгрөгөөр илүү үнэтэй худалдаж байна. Үүнийг манай иргэд андуурч, махны үнэ өссөн гэж ойлгодог хэмээн худалдаа эрхлэгчид маань тайлбарлалаа”
Харин хүнсний худалдаа эрхэлдэг Жавхлан дэлгүүрийн хувьд “сүүлийн 7 хоногт өргөн хэрэглээний бараа өсөлт байхгүй гурил, элсэн чихэр, өндөгний үнэ хэвийн, харин сүү 200 төгрөгөөр өссөн байгаа. Цаанаасаа бүх сав баглаа боодолд үнэ нэмэгдсэн учраас ингэж нэмэгдсэн. Бусад өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдээгүй” гэсэн тайлбарыг өгсөн бол Ялгуум дэлгүүр “манай дэлгүүрт ямар ч бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдээгүй, бид бараа татаагүй байна. Харин сүү тасарсан цаанаасаа үнэ нь нэмэгдэж байгаа” гэсэн юм.
Хяналт, шалгалт хийсэн ажлын багаас тогтоосон хорио цээрийн дэглэмийн үед шалтгаангүйгээр хүнсний өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлэхгүй байхыг хүнсний худалдаа эрхлэгчдэд анхааруулж, хэрэв үнэ нэмэгдсэн тохиолдолд баримттай нь тухай бүр аймгийн ЗДТГ, Онцгой комисст мэдэгдэхийг иргэдэд уриалжээ.