Цаг агаарын хуурайшилт, хуримтлагдсан хагд өвс, хүмүүсийн хайхрамжгүй үйл ажиллагаа зэрэг нь улсын хэмжээнд ой, хээрийн түймрийн тоо, тархалтыг нэмэгдүүлэх үндсэн хүчин зүйлүүд болж байна. Сүүлийн жилүүдэд манай оронд гарсан ой, хээрийн түймэрт олон мянган га ойн баялаг, бэлчээрийн чухал ач холбогдол бүхий газар нутгууд өртөн байгаль, экологийн асар их хохирол учирсаар байгаа төдийгүй иргэдийн аж амьдралд түймрийн үзүүлж буй сөрөг нөлөөлөл улам ихэссээр байгаа билээ.
2021 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар аймаг Асгат сумын Их-Уул багийн “Зүүн яргайт” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 150 км, сумын төвөөс урд зүгт 100 км-т/ хээрийн түймэр гарсан.
Түймрийг унтраахад Дарьгангын БЦГ-ын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч нар болон аймгийн Онцгой байдлын газрын ГТУХ, Эрдэнэцагаан сум Гал түймэр унтраах, аврах 47 дугаар анги, захирагч, Асгат сумын БОУХБайцаагч нар ажилласан байна (Онцгой байдлын ерөнхий газар).
Орчин үед зайнаас тандан судлал буюу агаар, сансрын түвшнээс авсан оронзайн болон спектрийн төрөл бүрийн нарийвчлалтай мэдээг, газарзүйн мэдээллийн системтэй хослуулан эх дэлхийн гадарга дээрх байгалийн болон хүний үйл ажиллагаатай холбоотой өөрчлөлтийг судлан дүн шинжилгээ хийн боловсруулж, сэдэвчилсэн мэдээ гарган авч мэдээллийн санг баяжуулан шинэчилснээр судлаач, шийдвэр гаргагч, хэрэглэгч нар төрөл бүрийн төлөвлөлт зохион байгуулах, мониторинг хийх, сэдэвчилсэн мэдээ гарган авах зэрэг бүхий л үйл ажиллагаандаа өргөнөөр ашиглаж байна. Ялангуяа гамшгийн болон гамшгийн дараах үед шуурхай ажлыг төлөвлөх, зохион байгуулах, хохирлыг бууруулах арга хэмжээ боловсруулах, урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах зэрэг агаар-сансрын зургийг өргөнөөр ашиглах болсон. Зураг 1-т Асгат сумын түймрийн өмнө ба дараах үеийг сансрын Sentinel 2 хиймэл дагуулын мэдээг ашиглан үзүүлэв.
Зураг 1. Түймэрт өртсөн талбайг шатахаас өмнө болон түймрийг
унтраасны дараах байдлаар харуулав.
Зураг 2-т хээрийн түймрийн улмаас шатсан газрын талбай 11000 га газар болохыг тодорхойлов. Сансрын технологи буюу зайнаас тандах судлал нь дэлхийн гадаргын бодит цаг хугацааны мэдээллийг шуурхай өгөх чадвартай бөгөөд гамшгийн үед ашиглах нь олон давуу талыг бий болгодгоороо онцлог юм.
Зураг 2. Шатсан талбай .
Хээрийн түймэр — тал хээрийн ургамлын бүрхэвчийг хамран хяналтгүйгээр тархдаг галыг хэлнэ. Гал гарах болон тархах механизм нь тал хээрийн өвс ургамлын хуурайшилт болон хурдтай салхины нөлөөлөл байдаг ба ойн түймрээс илүү хурдан байдаг онцлогтой. хээрийн түймэр нь ургамал, амьтан төдийгүй хүн ам эдийн засагт ихээхэн хүнд хохирол учруулдаг аюултай байгалийн үзэгдэл юм.
Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлье!
Мэдээ бэлтгэсэн: Э.Жаргалдалай, ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэн