Дэлхийн түүхэнд хамгийн өргөн хүрээг хамарсан дархлаажуулалтын аян өрнөсөөр байна. Сүүлийн мэдээгээр “Ковид-19”-ийн эсрэг нийт 832 сая тун вакциныг дэлхийн 154 орны хүн амд хийгээд байгаа талаар Блүүмберг агентлаг мэдээллээ. Тус агентлаг нь улс орнуудын засгийн газар, эрүүл мэндийн яамны вакцинжуулалтын аяны талаарх мэдээллийг өдөр бүр шинэчлэн мэдээлж байгаа юм.
Блүүмбергийн мэдээлж байгаагаар 832 сая тун вакцин нь дэлхийн нийт хүн амын 5,4 хувийг дархлаажуулахад хүрэх хэмжээ юм. Дэлхийн хэмжээнд өдөрт 18,8 сая тун вакциныг хүн амыг дархлаажуулахад ашиглаж байна. Дэлхийн улс орнуудаас хамгийн олон иргэнээ дархлаажуулалтад хамруулсан орон нь АНУ болж байна. Тус улс коронавирусний эсрэг нийт 195 сая тун вакциныг хүн амдаа хийгээд байгаа юм. Сүүлийн мэдээгээр Америкт өдөрт 3,35 сая тун вакцин хийгдэж байна. өдөрт хийгдэж байгаа вакцины тун хэмжээ энэ түвшинд байвал нийт хүн амынхаа 75 хувийг дархлаажуулж хэвийн амьдралд шилжин ороход ахиад 3 сарын хугацаа л үлдэж байна гэж тооцоолжээ.
Л.Баяр