Монгол Улсад коронавирусийн нөхцөл байдал өдөр ирэх тусам нэмэгдэж, эрүүл мэндийн салбарын нөөц шавхагдах эрсдэл нэмэгдсээр байна. Өдөрт илрэх халдварын тоо огцом нэмэгдэж байгаа учраас эрүүл мэндийн салбарын хэмжээнд резидент эмч нарыг дайчлахаар болсон байна. Резидент эмч нар халдвар аваад гэртээ эмчлэгдэж байгаа иргэдэд үйлчлэх тандалтын багт түлхүү дайчлагдан ажиллах юм. Нийтдээ 200-300 резидент эмч дайчлагдан ажиллаж байгаа аж. Вакцинжуулалтад дайчлагдсан резидент эмч нар түр амарч байгаа бол тандалтад ажиллаж байгаа резидент эмч нар өндөр ачаалалтай, ид голомт руу орж ажиллаж байгааг ЭМЯ-наас мэдээлэв.
Халдварын голомтод ажиллаж байгаа резидент эмч нар 14 хоног ажиллаад долоо хоног тусгаарлагдан гэртээ харих боломжтой байдлаар зохицуулж байгаа ч эмч нар голомтод ажиллачихаад гэртээ харилгүй тусгаарлагдаж байгаад дараагийн ээлжиндээ ажиллах саналтай байгаа аж. Учир нь, голомтод ажиллаж байхдаа халдвар авснаа мэдэлгүй гэртээ харьж, гэр бүл, хайртай хүмүүстээ эрсдэл учруулах магадлалтай учраас тусгаарлалтын байранд байж байгаад дараагийн ээлжиндээ ажиллая гэдгээ ЭМЯ, ХӨСҮТ уламжилсан аж. Резидент эмч нарыг хүсэлтийг харгалзан үзэж байгаа ч бодит байдал дээр эмч нарыг тусгаарлах байр, орон сууцны нөөц байхгүй байгаа юм байна. ЭМЯ эмч нарыг тусгаарлах байр, талбай хайж байгаа бөгөөд одоо энэ хүнд хэцүү цагт тусгаарлах байр, зочид буудлаар хангах ААН, байгууллагууд байвал нийгмийн хариуцлагын хүрээнд туслахыг уриаллаа.
Эх сурвалж: Эрүүл мэндийн яам