УИХ-ын гишүүн бусдад бэлгийн дарамт үзүүлсэн асуудал олны анхааралд ороод байна. Иргэн Б.Сүндэръяа УИХ-ын нэр бүхий гишүүний хүчирхийлэл, халдлагад өртөж, олон сарын турш бие махбод, сэтгэл санааны дарамтад амьдарч буй талаараа мэдэгдсэн. Түүний мэдээлэлтэй холбоотойгоор олон нийтийн сүлжээнд тус гишүүнийг Ц.Анандбазар уу гэх таамаг өрнөсөн билээ.
Харин өчигдөр иргэн Б.Сүндэъяа өмгөөлөгчийн хамт ЦЕГ-т өргөдөл өгч байгаа талаар мэдээлэл хийв. Энэ үеэрээ “Дөнгөж сая үүсээд байгаа асуудлаар цагдаагийн байгууллагад өргөдөл өгөөд гарч ирлээ. 2019 онд УИХ-ын гишүүн Ц.Анандбазартай танилцаж байсан. Түүнээс өмнө манай найзаар дамжуулан надтай уулзуулж өгөхийг хүссэн юм байна лээ. Би энэ асуудлыг гаргаж тавьснаас хойш УИХ-ын гишүүн Ц.Анандбазар гишүүнтэй холбоотойгоор надтай 1000 гаруй эмэгтэй холбогдсон. Ийм зүйлийг огт төсөөлөөгүй байсан. Өмнө нь намайг бүрдүүлдэг байсан бол одоо таньдаг хүмүүсээр минь дамжуулж тохиролцохыг санал болгож байгаа. Гэхдээ би хэзээ ч тохиролцохгүй” гэсэн юм.
Мөн сошиал орчинд нэр бүхий хүмүүс хөдөлгөөн байгуулан УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын дарамт, хүчирхийлэлд өртөж байсан байж болзошгүй охидыг зоригтой байхыг уриалж, бусармаг үйлдлийг илчилсэн захидал цуглуулах аяныг эхэлсэн байна.
Харин МАН-ын УЗ-ийн зарим гишүүд Ц.Ананбазарыг УИХ-аас эргүүлэн татаж, намаа цэвэрлэх хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа бөгөөд энэ асуудлыг ярьж эхэлсэн тухай мэдээлэл ч байна. Намын дарга У.Хүрэлсүх ч мөн түүний увайгүй үйлдэлд хариуцлага тооцох магадлалтай тухай мэдээлэл ч чих дэлсэх болоод байна.
Албан тушаал, эрх мэдэл, бэл бэнчингээрээ бусдыг дарамталж, хүчирхийлэлд үйлдсэн байж болзошгүй асуудалд холбогдоод байгаа УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг эргүүлэн татах асуудал цааш хэрхэн өрнөхийг харах үлдэж байна.
Б.ИРЭЭДҮЙ