Данийн эрх баригчид цусны бүлэн үүсэх эрсдэлээс сэргийлж АстраЗенека компанийн вакцины хэрэглээг бүрэн зогсоолоо. Ингэснээр уг вакцины хэрэглээг хориглосон европын анхны улс болж байна.
Энэ вакциныг хэрэглэсний дараа цусны бүлэн үүсэх магадлал өндөр байна гэж Данийн эрх баригчид мэдээлжээ. Тиймээс тус улсын авсан 2,4 сая тун вакциныг эргэлтээс гаргахаар болсон байна.
AstraZeneca вакцин тариулсан 40,000 хүн тутамд нэг цусны бүлэгнэлийн тохиолдол бүртгэгдэхээр байгааг тус улсын эрүүл мэндийн зохицуулах байгууллага тооцоолжээ. Үүнийг зөвшөөрөгдөх хэмжээнээс өндөр гэж үзээд түдгэлзүүлэх шийдвэрийг гаргасан байна.
Дани улсад вакцины дараах цусны бүлэгнэлийн хоёр тохиолдол бүртгэгдсэн юм. Тэдгээрийн нэг болох 60 настай эмэгтэй нас барсан байна.
Коронавирусийн тархалтыг хянаж чадаж байгаа, бусад вакцины нөөц байгаа тул AstraZeneca вакцинаас татгалзах боломжтойг Дани улсын албаны эх сурвалж мэдээлжээ.
Өнгөрсөн долоо хоногт Европын эмийн агентлагаас АстраЗенека компанийн вакцин цусны бүлэн үүсгэх магадлалтай ч Ковид-19-өөр нас барах эрсдэл түүнээс харьцангуй өндөр байна гэж мэдэгдсэн юм. Европын хэд хэдэн улс хэрэглээгээ түр хугацаанд зогсоогоод байсан ч эргээд хэрэглэж эхэлсэн юм.
Л.Баяр