Их хэмжээний ам.долларыг хахуульд авч, оймсондоо хийж буй бичлэг нь олны анхааралд өртөж, Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой заалтыг өөрчлөхөд хүргэсэн, МХЕГ-ын эрх бүхий албан тушаалтнуудад холбогдох хэргийг Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүгч нар өчигдөр хянан хэлэлцсэн байна.
Шүүх хуралдааны талаар Г.Равжаа дэлгэрэнгүй мэдээлсэн байна. Түүний мэдээллийг хүргэе.
“МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.Аззаяа, хэлтсийн дарга Н.Баярсайхан болон тус газрын албан тушаалтнууд болох Г.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс, Ш.Тэгвандан, Д.Төмөрбаатар нарт холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн оны есдүгээр сард дахин хэлэлцээд тэднийг эрх мэдэл, албан тушаалаа ашиглан хясан боогдуулах замаар, бүлэглэн хахууль авсан гэм буруутайд тооцсон.
“Улаанбаатар мах экспо” ХХК-ийн ерөнхий менежер Д.Төмөрбаатарыг Н.Баярсайхан, Э.Аззаяа нарт 64 удаагийн үйлдлээр 337.5 сая төгрөгийн хахууль өгсөн буруутай гэж үзсэн юм. Улмаар Н.Баярсайханд нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хасаж, хоёр жил найман сар хорих ял оноожээ. Харин Э.Аззаяад нийтийн албанд ажиллах эрхийг мөн хугацаагаар хязгаарлаж, 40 сая, Г.Элдэв-Очирт нийтийн албан тушаал хаших эрхийг дээрх хэмжээгээр хасаж, 13 сая, С.Бүрэнтөгсөд төрийн байгууллагад томилогдох эрхийг мөн хугацаагаар хасаж, 15 сая, Ш.Тэгванданд нийтийн албанд томилогдох эрхийг гурван жил хасан, 2.7 сая, Д.Төмөрбаатарыг хахууль өгсөн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, есөн сая төгрөгөөр торгох ял шийтгэж, эд мөрийн баримтаар хураасан 831.5 сая гаруй төгрөгийг улсын төсөвт шилжүүлэхээр болсон юм.
Анхан шатны шүүхээс Э.Аззаяад 40 сая төгрөгөөр торгох ял оноосон нь тохироогүй гэж НПГ-ын хяналтын прокурорууд эсэргүүцэл бичин нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан бөгөөд өнгөрсөн нэгдүгээр сард хэлэлцээд прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй гэж дүгнэсэн юм. Улмаар Э.Аззаяад холбогдох үйлдлийг нь тусгаарлан анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр болж, бусад шүүгдэгчийн ялыг хэвээр үлдээсэн билээ. Улсын дээд шүүхээс давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлтэй гэж дүгнэснээр Э.Аззаяад оноосон торгох ялыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дахин хэлэлцэж шийдвэрлэхээр болов”