Сүүлийн өдрүүдэд шар өвс шатаасан гал түймрийн дуудлага нэмэгдэж байна. Тухайлбал, өнөөдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Бэлхийн гудамжинд иргэн Э нь шар өвсөө шатааж байхад нь гал гарч, Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн бэлтгэл ээлжийн бүрэлдэхүүн очиж, галыг унтрааж ажиллалаа. Мөн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Далан давхар оршуулгын газарт өнжмөл шар өвс шатаж байна гэсэн дуудлага 14:08 цагт ирж, Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн бэлтгэл ээлжийн 14 алба хаагч, хоёр автомашин, техник хэрэгсэлтэй галын тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна. Нэмэлтээр хөдөлгөөнт эргүүлийн дөрвөн албан хаагч үүрэг гүйцэтгэж байгаа юм.
Нийслэлийн ногоон бүсэд эргүүл хяналтын чиглэлээр холбогдох мэргэжлийн байгууллагын хамтарсан бүрэлдэхүүн өдөр бүр үүрэг гүйцэтгэж байна. Хаврын хуурайшилтын үед энэ мэт иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас шар өвсний гал түймэр, цаашлаад ой, хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байгаа. Иймд иргэд, олон нийт асаасан гал, чүдэнз, татсан тамхины гал, цог, үнс нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх, гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг анхааруулж байна.
НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР