АНУ-аас Монгол Улсын эрүүл мэндийн ажилчдад зориулан 450 мянган долларын хөтөлбөр эхлүүллээ

АНУ-ын Засгийн газар Ковид-19-тэй тэмцэх Монгол Улсын хүчин чармайлтыг дэмжих зорилгоор эрүүл мэндийн ажилчдад зориулсан 450,000 долларын хөтөлбөрийг эхлүүллээ. 

Өчигдөр буюу 4-р сарын 13-ны өдөр – АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID) -ын Монгол дахь захирал Гарри Роббинс тус агентлагаас Монгол Улсын засгийн газрын Ковид-19 арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх зорилгоор 450,000 ам. долларын (1.3 тэрбум төгрөг) хөтөлбөр эхлүүлж байгааг зарлав.

АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагаас FHI 360 байгууллага болон Монгол Улсын Эрүүл мэндийн яамтай хамтран “Meeting Targets and Maintaining Epidemic Control” (EpiC) төслөөр дамжуулан “Насанд хүрэгсдийн Ковид-19 халдварын оношилгоо, эмчилгээний менежемент” сургагч багш бэлтгэх цуврал сургалт зохион байгуулах болно. Уг хөтөлбөрийн эхний ээлжинд Монгол Улсын хөдөө орон нутгийн буюу аймгийн эмнэлгийн эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн 30 орчим эмч, сувилагч нар хамрагдаж байна. Энэхүү сургалтыг Калифорнийн Сан Францискогийн Их Сургууль (UCSF) боловсруулсан бөгөөд UCSF-ийн анестезиологич, клиникийн профессор, доктор Ланди Кэмпбелл удирдана.

“Монгол Улсын засгийн газраас вирусын тархалтыг зогсооход шийдвэртэй арга хэмжээ авч байгааг АНУ-ын засгийн газар сайшааж байна. АНУ-ын Засгийн газар нь Ковид-19-ийн эсрэг тэмцэлд Монгол Улс болон дэлхийн бусад түншүүдтэй хамт байдаг ” гэж USAID-ийн захирал ноён Роббинс хэллээ.

Энэхүү нэмэлт санхүүжилт олгосноор, АНУ -аас Монгол Улсад Ковид-19 өвчний дэгдэлттэй тэмцэхэд зориулж 4 сая долларын (11 тэрбум төгрөг) шууд туслалцаа үзүүлсэн болно. Энэхүү тусламжаар, Монгол Улсын өвчинтэй тэмцэх чадварыг бэхжүүлэх болон халдвараас урьдчилан сэргийлэх, хяналт тавих, лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, вирусын тархалтаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар олон нийтэд таниулах зэрэг тэргүүлэх чиглэлд ажилласан билээ.

АНУ нь нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр дэлхийн хамгийн том тусламж үзүүлэгч улс билээ. Сүүлийн хорин жилийн хугацаанд АНУ дэлхийн эрүүл мэндийн чиглэлээр 140 гаруй тэрбум долларын тусламж үзүүлжээ. АНУ нь дангаараа COVAX хөтөлбөрийн хамгийн том хандивлагч болохын хувьд Ковид-19 вакцины дэлхийд нэвтрэх санаачилгын хүрээнд Ковид-19 вакциныг 92 оронд худалдах болон хүргэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 4 тэрбум долларын тусламж олгохоор төлөвлөснөөс эхний санхүүжилт болох 2 тэрбум доллароос дэлхийн 92 оронд вакцин нийлүүлээд байгаа ба үүнд Монгол Улс орж байгаа юм.

АНУ-ын Элчин сайдын яам

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн