Гадил жимс химийн бодист үйлчилдэггүй өндөр халдварт хөрсний мөөгөнцрөөс болоод мөхлийн ирмэгт ирээд байгаа талаар Германы Die Welt хэвлэлд мэдээлэв.
AMI маркетингийн компанийн жимсний шинжээч Урсула Шокемеле уг авчнийг тусгай хэрэгслээр устгах боломжгүйтэй холбоотойгоор хөрсөнд нөлөөлж, 30-40 жилийн дараа гэхэд хөрс ашиглагдах боломжгүй болно гэжээ.
Өндөрт халдвартай хөрсний мөөгөнцөр нь Tropical Race 4 (TR4) нэртэй. Энэ мөөгөнцөр ХХ зуунд Ази, Австралийн нутаг дэвсгэрт идэвхтэй тархжээ. 2019 онд энэ мөөгөнцрийг анх удаа Өмнөд Америкаас илрүүлсэн байна.
Колумб, Гондурас улс хэдийн эхний тариалангийн талбайгаа хаагаад эхэлснийг Шокемеле мэдэгджээ. Энэ өвчин Cavendish сортыг хамгийн ихээр сүйрүүлж байна. Гэтэл энэ сорт нь дэлхийн гадилын худалдааны 95%, ХБНГУ-ын импортын 99%-ийг эзэлдэг.
“Хэрэв мөөгөнцөр илрэх юм бол шинжээчид том талбай дээрх бүх ургамлаа устгаж, хатуу хөл хорио баримтлахыг зөвлөж байна. Фермерийн гутлаар дамжин халдварласан хөрс жаахан өөр газарт очиход л шууд тархах эрсдэлтэй. Мөн үер, амьтдаар дамждаг” хэмээн шинжээч тэмдэглэжээ.
Гэхдээ одоогийн байдлаар Герман болон бусад улсад гадилны үнэ тогтвортой байна. Энэ нь өвчин гарсан улс орнуудын газар нутагт өвчнийг дамжуулахгүй барих ажлыг амжилттай явуулж буйтай холбоотой гэж үзэж байна.
Ази, Африк, Америкт иргэд гадил жимсийг ихээр хэрэглэдэг учраас энэ жимс алга болбол эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлж, хүн төрөлхтөн нэгэн чухал бүтээгдэхүүнээсээ салж болзошгүй гэж шинжээчид дүгнэлээ.
Эх сурвалж: iz.ru
Орчуулсан Э.Март