АНУ-д нэгэн эрэгтэй коронавирусээр хоёр удаа өвчлөхдөө өөр өөр шинж тэмдгүүд илэрч байжээ. 29 настай энэ эр хамгийн эхэнд гуравдугаар сард халдвар авсан байна. Тухайн үед халуурах, амьсгаадах, бүх биеэр өвдөх шинж илэрч байсан гэнэ. Хоёр сарын дараа цусан дахь эсрэг биет, биеийн байдал зэрэг нь эдгэрснийг гэрчилж байв.
Гэтэл долдугаар сард түүний бие дахин муудсан байна. Энэ үеэр хоолны дуршил нь арилж, огцом турж, маш их ядарч байсан тул шатаар өгсөж, утсаар ярих ч тэнхэлгүй болжээ.
Миннесотагийн их сургуулийн Анагаахын сургуулийн халдварт өвчин, олон улсын анагаах ухааны хэлтсийн профессор, Сьюзан Клайны тэмдэглэснээр давтан тохиолдлын үеэр ийм шинж гарах нь хэвийн зүйл гэжээ. Тиймээс өвчнөө оношлуулахын тулд вирусийн дээжийн генетик шинжилгээ хийлгэх хэрэгтэй гэсэн аж.