Санхүүгийн зорилтот хориг арга хэмжээ нь үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргийг үйлдэхээр зэхэж буй этгээдүүдийн мөнгөн хөрөнгийн шилжилт, хөдөлгөөний урсгалтай тэмцэхээр гаргасан Нэгдсэн Үндэсний Байгууллага /НҮБ/-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолуудын нэг хэсэг юм.
НҮБ-аас тавьж буй аливаа хориг арга хэмжээ нь санхүүгийн зорилтод хориг арга хэмжээнээс гадна үйл ажиллагаанд суурилсан санхүүгийн хориг, эдийн засаг, тодорхой нэг салбарын хориг арга хэмжээ болон холбогдох санхүүгийн хориг, сонор сэрэмжийг нэмэгдүүлэх арга хэмжээг багтаана.
НҮБ-ын гишүүн улсын хувьд Монгол Улс нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоол, түүний дотор хориг арга хэмжээ авахтай холбоотой тогтоолыг дагаж мөрдөх үүрэгтэй.
Санхүүгийн зорилтот хориг арга хэмжээг хэрэгжүүлэхэд хуулиар ямар үүрэг хүлээсэн бэ?
Санхүүгийн зорилтот хориг арга хэмжээг хэрэгжүүлэх үүргийг иргэд, санхүүгийн байгууллагууд, санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчид хэрэгжүүлнэ. Үй олноох хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх, терроризмтой тэмцэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6.-д “Хүн, хуулийн этгээд аливаа үйлчилгээ үзүүлэхдээ хориг арга хэмжээний болон дотоодын жагсаалтад орсон хүн, хуулийн этгээд, тэдгээрийг санхүүжүүлдэг этгээдийн шууд болон шууд бус өмчлөл, эсхүл хяналтад байгаа хөрөнгийг даруй царцааж тагнуулын байгууллагад 24 цагийн дотор мэдээлнэ.” гэж заасан.
Түүнчлэн “Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх санхүүгийн зорилтот хориг арга хэмжээг хэрэгжүүлэх үйл ажиллагааны журам”-ын 5-р зүйлийн 5.1.-д “Хүн, хуулийн этгээд нь хориг арга хэмжээний болон дотоодын жагсаалтад орсон хүн, хуулийн этгээдийн шууд болон шууд бус өмчлөлд байгаа хөрөнгө, ашиг орлогын хөдөлгөөнийг тухайн этгээдэд урьдчилан мэдэгдэлгүйгээр нэн даруй зогсоож, тагнуулын байгууллага болон санхүүгийн мэдээллийн албанд даруй мэдэгдэнэ.” гэж заасан.
Мөн тус журмын “6.1.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 4.1-д заасан мэдээлэх үүрэгтэй этгээд нь дараахь шаардлагыг мөрдөнө: … 6.1.1. жагсаалтад орсон, хасагдсан хүн, хуулийн этгээд болон зогсоосон хөрөнгийг чөлөөлөх мэдээлэлтэй өөрийн харилцагчдын мэдээллийг тулгаж шалгасны үндсэн дээр үйлчилгээ үзүүлэх;” гэж заасан.
Иймд мэдээлэх үүрэгтэй этгээд нь дээрх үүргийг биелүүлэхдээ дараах арга хэмжээг авна:
- Харилцагч, үйлчлүүлэгчид үйлчилгээ үзүүлэхээс өмнө хориг жагсаалтад орсон эсэхийг тулгаж, шалгах
- Харилцагч, үйлчлүүлэгчийн нэр хориг жагсаалттай таарсан тохиолдолд харилцагчид мэдэгдэлгүйгээр шууд болон шууд бус өмчлөл, эсхүл хяналтад байгаа хөрөнгийг нэн даруй царцааж, энэ тухай тагнуулын байгууллага болон санхүүгийн мэдээллийн албанд 24 цагийн дотор мэдээлэх;
- Хориг арга хэмжээний жагсаалтад орсон хүн, хуулийн этгээдийн ашиг сонирхолын өмнөөс эсхүл шууд болон шууд бус, дангаар болон хэсэгчлэн хэлбэрээр хөрөнгө, санхүүгийн үйлчилгээ үзүүлэхийг хориглох.
Дээрхийг мэдээлэхдээ дараах зүйлсийг тусгасан байх шаардлагатай:
-Мэдээлэл нь өөрийн мэдлэг мэдээлэл, сэжиглэсэн гэж үзсэн асуудалд үндэслэсэн байх;
-Тухайн хүн, хуулийн этгээдийн талаар авагдсан, мэдэж байгаа бүхий л мэдээллийг тусгасан байх;
-Тухайн хүнтэй холбоотой хөрөнгийн хэмжээ, хэлбэрийг тусгасан байх;
-Хөрөнгийг царцаасан тохиолдолд тухайн гүйлгээний талаар болон хөрөнгө царцаасантай холбоотой мэдээллийг тусгасан байх шаардлагатай.
Хүн, хуулийн этгээдийг жагсаалтад орсон эсэх мэдээллийг хаанаас авах боломжтой вэ?
- НҮБ-ын хориг арга хэмжээний жагсаалт
- Монгол Улсаас хөгжүүлсэн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хориг жагсаалтын хайлтын цонх
Санхүүгийн зорилтот хориг арга хэмжээг хэрэгжүүлэх үүргээ биелүүлээгүй тохиолдолд хариуцлага хүлээх үү?
Хэрэв та үүргээ биелүүлээгүй тохиолдолд Зөрчлийн эсхүл Эрүүгийн хуулинд заасан хариуцлага хүлээнэ. Зөрчлийн хуулийн 5 дугаар зүйлийн 5.10-т оногдуулах захиргааны хариуцлагын талаар заасан бөгөөд хүнийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох заалттайг анхаарна уу.
Санхүүгийн зорилтот хориг арга хэмжээтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарж Санхүүгийн зорилтот хориг арга хэмжээ цэсэнд байршуулсан мэдээ, мэдээлэлтэй танилцах боломжтой.
САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО