Баянгол дүүргийн I хорооны нутаг дахь нэгэн байранд цахимаар мөрийтэй тоглоом тоглуулж байсан хүмүүсийг ЭЦА-ныхан 21.00 цагийн үед илрүүлжээ. Д, М, М, Б, М хэмээх гурван залуу, хоёр бүсгүй хамтарч хууль бус үйлдэл хийсэн бөгөөд тэдниыг өдгөө Баянгол дүүргийн Цагдаагийн I хэлтсийнхэн шалгаж байна.
Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйл. Мөрийтэй тоглоом зохион байгуулах
1.Олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газар байгуулсан, эсхүл ажиллуулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.