Улсын хилээр орсон гадаадын зорчигчид өмнөх оны мөн үеийнхээс 37.1 мянга буюу 90.2 хувиар багасав. Манай улсын хилээр энэ оны эхний улиралд 189.9 (давхардсан тоогоор) мянган зорчигч нэвтэрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 362 (65,6 хувь) мянгаар багасжээ.
Улсын хилээр дээрх хугацаанд 95,6 мянган зорчигч орсон байна. Зорчигчдын 33,9 хувь нь Гашуунсухайт, 24,7 хувь нь Шивээ хүрэн, 15,3 хувь нь Замын-Yүд, 6,3 хувь нь Буянт-Ухаа, 1,7 хувь нь Алтанбулаг, 18,1 хувь нь бусад боомтоор нэвтэрсэн байна. Тэдний 91,6 (95,8 хувь) мянга нь Монгол Улсын иргэн, 4 (4,2 хувь) мянга нь гадаадын иргэн байв.
Коронавируст халдвар дэлхий дахинд гарсантай холбогдуулан Монгол Улсын хилийн боомтуудыг өнгөрсөн оны нэгдүгээр сарын 31-нээс хааж эхэлсэн. Энэ оны нэгдүгээр сард Монгол Улсын 748 иргэн тусгай нислэгээр, 4 иргэн авто зам, төмөр замын боомтоор, хоёрдугаар сард 1195 иргэн тусгай нислэгээр, 65 иргэн авто болон төмөр замын боомтоор, өнгөрсөн сард 2076 иргэн тусгай нислэгээр, 41 иргэн авто болон төмөр замын боомтоор иржээ.
Улсын хилээр энэ оны эхний улиралд 402,3 (давхардсан тоогоор) мянган тээврийн хэрэгслийг нэвтрүүлсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 31 (8,3 хувь) мянгаар нэмэгджээ. Тэдгээрийн 40,7 хувийг ачааны, 0,1 хувийг суудлын машин, 57,9 хувийг ачааны вагон, 1,3 хувийг бусад тээврийн хэрэгсэл эзэлж байв.
Нийт тээврийн хэрэгслийн 48,6 хувь нь Замын-Yүд, 15,9 хувь нь Гашуун сухайт, 14,9 хувь нь Сүхбаатар, 11,6 хувь нь Шивээхүрэн, 0,7 хувь нь Алтанбулаг, 8,3 хувь нь бусад боомтоор нэвтэрсэн байна.
Үндэсний статистикийн хороо