Гашуунсухайт-Ганц мод боомтоор өдөрт дунджаар 20 машин нэвтэрч буй талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэв. Хятадын нүүрсний мэдээллийн “Фэнвэй Энержи” агентлагийн мэдээлснээр, тус улсын Ганцмод боомтоор энэ сарын 1-5-ны хооронд тус боомтод ашиглаж буй шинжилгээний төхөөрөмж эвдэрсэнтэй холбоотойгоор татан авалт бүрэн зогсчээ.
Ганцмод боомтоор өнгөрсөн долоо хоногт өдөрт дунджаар 15 машин нэвтэрчээ. Нүүрсний татан авалт бараг зогссоны улмаас Хятадын хилийн боомттой ойролцоо орших нүүрс баяжуулах үйлдвэрүүдийн түүхий эдийн нөөц дуусч, зарим нь үйл ажиллагаагаа зогсоожээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дөрөвдүгээр сарын 7-нд Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцянтай утсаар холбогдож, боомтуудын үйл ажиллагааг хэвийн болгох талаар ярилцсан ч манай улсын нүүрсний экспорт хэзээ хэвийн болох нь одоогоор тодорхойгүй хэвээр байна.
Б.Эрдэнэ