2020 онд эдийн засгийн бодит өсөлт -5.3 хувь болж буурсан, төсвийн алдагдлын ДНБ-д эзлэх хувь 12 хувь болж нэмэгдсэн, зах зээлийн тодорхойгүй байдлын улмаас банкуудаас олгох зээлийн хэмжээ буурч, банкуудын нийт 8 их наяд төгрөгийн эх үүсвэр Төв банкны үнэт цаасанд байршсан байна.
Мөн 2020 онд нийтдээ 65-68.9 мянган ажлын байр алдагдаж, цаашид эдийн засгаа сэргээх арга хэмжээ авч хэрэгжүүлэхгүй тохиолдолд нэмж 120 мянган ажлын байраа алдах эрсдэлтэй байсан тухай Сангийн сайд Б.Жавхлан чуулганы хуралдаан дээр мэдэгдлээ.
Тиймээс Засгийн газраас батлан хэрэгжүүлж байгаа 10 их наядын төлөвлөгөөнд эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийг цар тахлын өмнөх түвшинд буюу эдийн засгийн өсөлтийг 5.2 хувиас багагүй түвшинд хүргэн сэргээх, ажлын байрыг дэмжихийн зэрэгцээ инфляц, гадаад валютын албан нөөцийг мөнгөний бодлогын зорилтот түвшинд барих зорилт тавьсан байна.
Түүнчлэн ажлын байрыг дэмжих зээлийн хүрээнд нийт 3,500 аж ахуйн нэгж, 20,000 иргэнд зээл олгож, 120 мянган ажлын байрыг дэмжихээр тооцсон гэлээ. Мөн дэлхий дахинд коронавирусын халдварт цар тахлаас сэргийлэх вакцины уралдаан өрнөж байна. Бид бусад улс орнуудаас хоцроогүй. Одоогоор зорилтот бүлгийн хүн амынхаа 26 хувийг вакцинд хамруулаад байна. Энэ үзүүлэлтээр Ази тивдээ эхний тавд багтаж байгааг дурдав. Түүнчлэн вакцинжуулалтын хүрсэн түвшин, үр дүнгээ хамгаалах зорилгоор Засгийн газар Оюутолгой компанийн төлсөн татварын орлогоос иргэддээ адил тэгш дэмжлэг үзүүлэх шийдвэрийг гаргасан. Энэ хүрээнд иргэн бүртээ 300 мянган төгрөг олгох ажлыг эхлүүлсэн гэдгийг сангийн сайд онцлов.
Н.Батаа