Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 2021 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үгэндээ энэ удаагийн парламент хүний эрхийг хамгаалах, хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлыг сайжруулах, шүүхийн хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахаа илэрхийлсэн билээ.
Үүний дагуу УИХ-ын даргын 2021 оны 28 тоот захирамжаар Хууль хяналтын байгууллага хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрхэн хэрэгжүүлж буйд болон хэвлэл мэдээллийн орчинд тархсан гэмт хэргийн шинжтэй мэдээллүүд нь улс орны дотоод аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх эсэхийг судлан, санал, дүгнэлт гаргах, хууль тогтоомжийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Б.Энх-Амгалан гишүүнээр ахлуулан, Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан, Ц.Сандаг-Очир, Г.Дамдинням, Ч.Ундрам нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан.
Уг ажлын хэсгийн гишүүд өнөөдөр (2021.04.09) Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нэр бүхий албан хаагчид Алтанбулаг боомтоор их хэмжээний мөнгө оруулж ирсэн гэх асуудал болон нэр бүхий өмгөөлөгч, шүүгч нартай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.
Ажлын хэсгээс дээрх асуудлуудыг хэрхэн шалгаж буй талаар мэдээлэл авахаар 2021 оны гуравдугаар сарын 16-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар болон Улсын ерөнхий прокурор, Цагдаагийн ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газарт тус тус албан бичиг хүргүүлжээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэр бүхий өмгөөлөгч, шүүгчтэй холбоотой гэмт хэргийн шинжтэй мэдээ, мэдээллийг шалгаж, харьяаллын дагуу Авлигатай тэмцэх газарт шилжүүлсэн тухай хариуг Улсын ерөнхий прокурорын газраас 2021 оны гуравдугаар сарын 25-ны өдрийн 1/1790 тоот албан бичгээр ирүүлсэн байна. Түүнчлэн прокурорын байгууллагаас ажлын хэсэг гарч, мөрдөх байгууллагад шалгагдаж буй хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлэгдсэн хууль, хяналтын байгууллагын ажилтнуудтай холбоотой 20 хэрэг, хуулийн байгууллагын ажилтнуудын нэр дурдагдсан 86 хэргийг хянан шалгаж эхэлсэн байна.
Мөн Тагнуулын ерөнхий газар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажилтнуудын асуудлаар мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж байгаа бол Цагдаагийн ерөнхий газраас нэр бүхий өмгөөлөгч, шүүгч нартай холбоотой асуудлыг шалгаж, харьяаллын дагуу шилжүүлсэн талаар хариу мэдэгджээ.
“Нэр бүхий шүүгч, өмгөөлөгч, хуулийн байгууллагын ажилтнуудын хууль бус үйл ажиллагааны талаар иргэдээс өргөдөл, гомдол, мэдээллүүд УИХ-д ирж байна. Хэн нэгнийг яллаж, буруутгахыг урьтал болгоогүй. Гагцхүү нөхцөл байдлыг үнэн зөвөөр шалгаж, хууль бус үйл ажиллагаа байгаа бол хариуцлага тооцдог байхыг шаардаж байгаа. Хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх ёстой. Цаашид эдгээр хэргүүд замхрахгүй байх, хэрэгсэхгүй болохгүй байх, хэргийн үнэн зөвийг бодитоор тогтоох асуудалд хяналт тавьж ажиллана. Гэхдээ хэргийг мөрдөн шалгах процессын үйл ажиллагаанд бид оролцохгүй. Шаардлагатай гэж үзвэл эдгээр хэргийг шалгаж буй асуудлаар УИХ дээр сонсгол хийнэ” хэмээн ажлын хэсгийн гишүүд хэллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.