Хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг НӨАТ, гаалийн татвараас хөнгөлөх хуулийн төслийг Засгийн Газар өнөөдөр /2021.04.07/ дэмжсэн байна.
Тодруулбал, цар тахлын нөхцөл байдал, эдийн засгийн хямрал, валютын өсөлттэй байгаа энэ үед хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд нэн шаардлагатай байгаа шинэ трактор, комбайн, машин механизм, усалгааны тоног төхөөрөмж, ойн болон шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг НӨАТ-аас чөлөөлөх, Гаалийн албан татварыг хөнгөлж үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих тухай хуулийн төслийг өнөөдөр засгийн хурлаар хэлэлцэж дэмжин, УИХ-д яаралтай горимоор өргөн мэдүүлэхээр шийдвэрлэжээ.
Үүнээс гадна хөдөө аж ахуйг дэмжих сангаас хаврын тариалалтад зориулж 5.4 мянган тонн, улсын нөөцийн салбараас гурван мянган тонн нийтдээ дотоодоос 8.4 мянган тонн үрийг тариаланчдад зохих журмын дагуу хөнгөлөлттэй нөхцөлөөр олгохоор болсон байна.
Тус сангаар дамжуулан улаанбуудайн үр импортлох зөвшөөрөл авсан дөрвөн аж ахуйн нэгжтэй 12 мянган тонн улаанбуудайн үр нийлүүлэх гэрээ байгуулжээ. Одоогоор ОХУ-аас нийлүүлж байгаа 4.5 мянган тонн улаанбуудайн үрийг Хөдөө аж ахуйг дэмжих сангийн Хөтөл салбарт хүлээн аваад байгаа аж. Мөн гурван мянган тонн үр замд явааг ХХААХҮЯ мэдээллээ.
Тариаланчдад учрах санхүүгийн дарамтыг хөнгөлөхөөр улаанбуудай, тэжээл, сэлгээний таримлын үр, хэрэгцээт шатахуун, бордоо, ургамал хамгааллын бодис, зарим төрлийн техник, тоног төхөөрөмжийг 20-50 хүртэл хувийн урьдчилгаа авч зээлээр олгон, үлдэх төлбөрийг намрын ургацаас нөхөн бүрдүүлэх нөхцөлөөр гэрээ байгуулж, тариалалтыг технологийн хугацаанд үр дүнтэй зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэхүү хөнгөлөлт дэмжлэгийг Хөдөө аж ахуйг дэмжих сангийн Сэлэнгэ, Хөтөл, Булган, Хар хорин, Угтаал салбар болон алслагдсан аймгийн ХХАА-н газраар дамжуулан хэрэгжүүлэхээр бэлтгэж байгаа юм байна.