Улсын Их Хурал дахь Хүчирхийллийн эсрэг лобби бүлгийг төлөөлж Б.Баярсайхан “Монгол Улсын цэрэг армийн тогтолцоонд ёс суртахууны ил тод байдлын шинэчлэлт, өөрчлөлтийг зайлшгүй хийх цаг нь болсон гэдгийг нийгэмд гарч буй асуудлууд илэрхийлж байна. Армид хугацаат цэргийн алба хааснаасаа болж хөдөлмөрийн чадвараа тодорхой хэмжээгээр алдсан, хөгжлийн бэрхшээлтэй болсон хүмүүсийн талаарх судалгаа, тоон мэдээлэл бий юу. “Өнөөдөр нийгэмд ил тодоор яригдаж буй цэргийн албаны гэмт хэргийн ихэнхийг салааны дарга, жагсаалын дарга нар үйлдсэн байгаа нь цэргийн байгууллага шат шатандаа хяналт сул, дураараа авирлах, хүнлэг бус харилцааг өөгшүүлсэн орчин гэж харагдаж байна” гээд, үүнд төсөв хөрөнгө гэхээс илүүтэй алба хаагчдын ёс суртахууны доголдол, ажил үүргээ чин сэтгэлээсээ гүйцэтгэх хандлага дутаж байна” хэмээв.
2016-2020 оны хугацаанд цэргийн салбарт хүний эрүүл мэндийн эсрэг 62, амь насанд хохирол учруулсан 2 гэмт хэрэг албан ёсоор бүртгэгджээ. Мөн гэр бүлийн хүчирхийллийн эсрэг 2 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Нийт албан хаагчдын ёс суртахууныг сайжруулах асуудлыг хөндөхөөс өөр аргагүй байгааг Д.Ганзориг генерал хүлээн зөвшөөрсөн байна.
Хугацаат цэргийн албан хаагчид нийгмийн бүх давхаргаас ирдэг, нэг жилийн хугацаанд цэрэг нэг бүрийг өөрчилж, төлөвшүүлэх нь хүндрэлтэй гэдгийг ч мөн тайлбарласан байна.
Н.Батаа