Үүрэг гүйцэтгэж байсан замын цагдаагийн алба хаагч гал түймрийн аюулаас иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг аварчээ.
Тодруулбал өнөөдөр /04.06/ 13 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт оршин суух иргэн “Б”-ийн хашаанд шар өвс шатаж гал гарчээ. Иргэн Б гэртээ 6-2 насны 3 хүүгийн хамт байсан бөгөөд түүнийг гэртээ байх үед хүүхдүүд нь гадаа гал авч гаран тоглосноос үүдсэн гэжээ.
Тухайн иргэний ойролцоо 361 постод үүрэг гүйцэтгэж байсан Сонгинохайрхан дүүргийн замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Б.Одбаяр нь өвс шатаж байгаа саарал утаа суунаглаж байгааг хараад шууд очиж галыг түргэн шуурхай унтраажээ.
Алба хаагчийн хэлснээр тухайн гал гарсан айлд 3 хүүхэд, өвөөтэйгөө байсан, харин хажуу айлд нь 6 хүүхэдтэй айл байсан гэжээ. Салхи ихтэй гал маш хурдан тархаж байсан учир хүүхдүүдийг бэртэж гэмтэхээс хамгаалах зорилгоор хашаанаас гаргаж дараа нь шатаж байгаа мод болон өвсийг унтрааж амжсан байна.
Хаврын улирал эхэлсэн, хуурайшилттай байгаа эдгээр өдрүүдэд иргэд та бүхэн гал түймрийн аюулаас болгоомжлох мөн бага насны хүүхдүүдээ хараа хяналттай байлгаж галаар тоглуулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Цагдаагийн ерөнхий газар