Манай улс 2021 онд 10.8 их наяд төгрөгийн татварын орлого олохоор төлөвлөсөн. Энэ оны эхний 2 сарын байдлаар улсын төсвийн орлого 1.6 их наяд төгрөг болоод байна.
Сангийн яам болон Татварын ерөнхий газрын мэдээгээр төсвийн орлого одоогийн байдлаар өнгөрсөн оныхоос 17.5 орчим хувиар нэмэгджээ. Эдийн засгийн идэвхжлийн гол үндсэн үзүүлэлт дотоодын НӨАТ-ын орлого 26 хувиар давж, өнгөрсөн оны мөн үеэс 20 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Мөн ААН-ийн орлогын албан татвар өнгөрсөн оны мөн үеэс 60 гаруй тэрбум төгрөгөөр давж, төлөвлөсөн хэмжээнээс 40 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдээд байгаа эерэг үзүүлэлттэй байна.
Татварын орлого өссөн нь төсвийн орлого нэмэгдэхэд нөлөөлжээ.
Монгол Улсын 2021 оны төсвийг 11.8 их наяд төгрөгийн орлого олохоор, 13.9 их наядын зарлагатай, 2.1 их наядын алдагдалтай байхаар баталсан юм.
2021 онд уул уурхайгаас 3.4 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхээр тооцсон. Нэг ёсондоо энэ онд уул уурхайгаас олох орлого төсвийн 26 хувийг бүрдүүлэх юм. Тодруулбал:
- Зэсээс 1.5 их наяд төгрөг,
- Нүүрснээс 1.3 их наяд төгрөг,
- Алтнаас 231 тэрбум төгрөг,
- Төмөр, төмрийн хүдрээс 98 тэрбум төгрөг,
- Эрдэс баялгийн бусад түүхий эд, бүтээгдэхүүнээс 263.5 тэрбум төгрөг олохоор төлөвлөсөн юм.
Эхний 2 сарын төсвийн гүйцэтгэл сайн байгаа ч 3 дугаар сарын 10-нд Оюутолгой уурхайд коронавируст халдварын тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор Оюутолгойн зэсийн экспорт бүрэн зогсож, мөн нүүрсний гарц 10 дахин буураад байна. Ийнхүү орлого талд эрсдэлтэй байдал үүсээд буйг Сангийн яамнаас мэдээллээ.
ҮСХ-ны эх сурвалжаар улсын нэгдсэн төсвийн орлогын бүтцийг танилцуулбал, 85.8 хувийг татварын орлого, 8.8 хувийг татварын бус орлого, 2.9 хувийг Тогтворжуулалтын сангийн орлого, 2.5 хувийг Ирээдүйн өв сангийн орлого тус тус бүрдүүлдэг.
Б.Эрдэнэ