Монголын залуучуудын холбоо (МЗХ)-ноос Монголбанкны Зээлийн мэдээллийн санд сөрөг мэдээлэлтэй байгаа иргэдийн асуудлаар шаардлага гарган төвбанкны гадаа удаа дараа эсэргүүцэл илэрхийлсэн билээ.
Гэвч Монголбанкны зүгээс хариулт өгөхгүй байгаа учраас МЗХ-ны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт хандан ил захидал илгээсэн байна.
Ил захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ ТАНАА
Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая.
Монгол Улсын Засгийн газраас 2021 оны хоёрдугаар сарын 17-ны өдөр “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх дунд хугацааны 10 их наядын цогц төлөвлөгөө”-г баталсан. Энэ хүрээнд эдийн засгийн гол хөдөлгөгч хүч, ажлын байрыг бүрдүүлэгч жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудын бизнесийн үйл ажиллагааг сэргээх, ажлын байрыг хадгалах, дэмжих, зорилготой 2 их наяд төгрөгийн санхүүжилт бүхий жилийн 3%-ийн хүүтэй “Ажлын байрыг дэмжих” зээлийг олгохоор Засгийн газраас шийдвэрлэсэн боловч Монголбанкны зээлийн мэдээллийн санд сөрөг мэдээлэлтэй иргэд, Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч нар хамрагдах боломжгүй байгаа тул Сангийн сайд Б.Жавхланд 2021 оны гуравдугаар сарын 11-нд, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд 2021 оны гуравдугаар сарын 4, 11, 18-нд тус тус гурван удаа албан бичиг хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл хариу ирүүлэлгүй хүнд суртал гарган ард иргэдээ үл тоож байна.
Иймд Монгол Улсын төрийн өндөрлөг та бүхэнд дараах хүсэлтийг хүргүүлж, ил захидал илгээж байна.
1. Монгол банкны зээлийн мэдээллийн сангийн сөрөг мэдээлэлтэй иргэдийг нэг удаа хэвийн ангилалд оруулах /Хар жагсаалтад байгаа иргэд/
2. Зээлийн мэдээллийн сангийн системийг Монголбанк, банк санхүүгийн байгууллага, иргэд, судлаачид, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран Олон улсын жишигт нийцүүлэн иргэдээ ялгаварлан гадуурхдаггүй систем рүү шинэчлэн сайжруулах
3. Монголбанкны ажилчид 500.000–1.000.000 төгрөгийн хахууль авч иргэдийг Зээлийн мэдээллийн сангийн сөрөг мэдээллээс гаргадаг гэсэн мэдээлэл иргэдээс маш ихээр ирж байгаа тул Монголбанкны зээлийн мэдээллийн сан /анх үүсгэн байгуулагдсан өдрөөс/ өнөөдрийг хүртэл иргэд хэрхэн Зээлийн мэдээллийн сангийн сөрөг мэдээллийн санд орсон болон гарсан талаар хөндлөнгийн аудит оруулан шалгуулж ард иргэддээ бодит мэдээлэл өгөх.
Монгол улсын нийт ард иргэдийнхээ сайн сайхны төлөө энэхүү хүсэлтийг хүлээн авч ард иргэддээ ашигтайгаар шийдвэрлүүлнэ гэдэгт найдаж байна. Монгол Улсынхаа төлөөх та бүхний ажилд өндөр амжилт хүсье.
Хүндэтгэсэн, Монголын Залуучуудын холбооны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од