Герман, Канад, Бельги, Япон, Швед, Франц, Нидерланд, Солонгос дахь монгол сургуулийн багш нар хамтран “Би монгол хүн” монгол хэл, соёлын цахим сургуулийг нээгээд байна. Ийнхүү дэлхийн аль ч өнцгөөс монгол хэлээ сурах боломжийг монгол хүүхдүүддээ олгох, эх хэлээ сурах эрх тэгш боломжийг бий болгож байна.
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2018 онд гаргасан хилийн чанад дахь монгол хүүхдэд зориулсан “Монгол хэл, соёлын жишиг хөтөлбөр”-ийн дагуу цахим сургууль нь сурагчидаа хэлний түвшин, насаар ангилан групп болон ганцаарчилсан хэлбэрээр анхан, дунд, ахисан шатны түвшинд сургалт явуулж байна.
Багш нарын тухайд гадаад хэлтэй орчинд монгол хэл, соёлоо олон жил заасан туршлагатай, багш мэргэжилтэй, англи, герман, франц, солонгос, швед, нидерланд, япон хэлийг давхар эзэмшсэн юм. Мөн багш нар Боловсролын хүрээлэн, Насан туршийн боловсролын үндэсний төв, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс хамтран жил бүр зохион байгуулж байгаа сургалтад хамрагдан мэргэжлээ дээшлүүлдэг, 2020 онд хоёр удаагийн цахим заах арга зүйн сургалтад хамрагдан, батламжаа авчээ.
Zoom аппликейшныг ашиглан, хос хэлтэй орчинд өсөн торниж буй хүүхдүүдийн өвөрмөц онцлог, хэлний төвшинд тохирсон, сурагчдын сонирхлыг татсан Kahoot, Wizer, Wordwall зэрэг интерактив төрөл бүрийн сургалтын тоглоомон аргыг сургалтадаа ашиглаж байна.
Боловсрол, шинжлэх ухааны яам