Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны “Ривер гарден”, “Хан хиллс” хотхоны гарцыг хоёр тал руу нь гаргах үүргийг холбогдох албаныханд өглөө.
Тус хотхоны оршин суугчид зөвхөн зүүн тийшээ гарах гарцтай учир түгжрэл үүсгэдэг аж. Иймд Хотын дарга “Хан хилсс” хотхоноос баруун зүгт нэг км автозам барих төлөвлөлт хийж батлуулахыг Хот байгуулалт хөгжлийн газар болон Газрын албаны дарга нарт даалгав. Тус газрыг яаралтай чөлөөлж, Зайсангийн замтай нийлүүлж болох судалгаа, төлөвлөлт хийх ёстой хэмээв. Мөн шороон даланг зүлэгжүүлж, дугуйн зам барих боломжтой эсэхийг судлах аж.
Түүнчлэн, 2015-2018 онд “Хан хилсс” хотхоноос баруун тийш Туул голын ногоон бүс дагуу 20 гаруй байршилд газар олгосныг нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай дурдав.
Харин Хотын дарга холбогдох хууль дүрмийн хүрээнд тэдгээр газрыг чөлөөлөх асуудлыг оруулж ирэхийг үүрэг болгоод, “Иргэдийн аюулгүй байдлыг хангах, орц гарцыг нэмэгдүүлэх, нийтийн эдэлбэр газрыг тохижуулах, газар чөлөөлөх талаар яаралтай мэдэгдэл хүргүүл” хэмээсэн юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС