Хөнгөн үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны дарга, гишүүд ХХААХҮ-ийн яаманд өнгөрсөн баасан гарагт ажилласан байна. Энэ үеэр дэд хорооны дарга Ц.Анандбазар төр хувийн хэвшлийн уялдаа холбоог сайжруулах асуудлыг ярилцсан юм. Тэрбээр “Хөнгөн үйлдвэр хөгжсөн улс орнуудтай харьцуулахад Монгол улсад үндсэндээ энэ салбарыг хөгжүүлэх бодлого сул түвшинд байна. Хөрш улстай өрсөлдөж чадахгүй бүх бараа бүтээгдэхүүнийг хөнгөн үйлдвэрийн бодлогын хүрээнд өөрсдөө үйлдвэрлэж, нэмүү өртөг шингээн зах зээлд нийлүүлэх бодлогыг барих ёстой ч энэ салбарыг үндсэндээ хувийн хэвшил нуруундаа үүрч, төрийн оролцоо багасчээ. Өнөөдөр та бүхэнтэй Засгийн газарт өргөн барих, Улсын Их Хуралд дэвшүүлэх зорилтын талаар ярилцаж, санал солилцохоор ирсэн. Бараа бүтээгдэхүүний хувьд, тоо хэмжээний хувьд, өртгийн хувьд ч улс орнуудтай өрсөлдөж чаддаггүй бодлогыг бид нэн даруй засах хэрэгтэй байна. Юуны түрүүнд төр хувийн хэвшлийн уялдааг сайжруулах асуудал онцгой чухал. Өчигдөр бид “АПУ” компанийн сүүний үйлдвэр дээр очиж ажилласан, төрийн дэмжлэг муу байна.
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хороо, Хөнгөн үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороогоор эхний ээлжинд сүүн, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг бодлогын түвшинд гаргах асуудлыг дэмжиж ажиллая гэсэн зорилго тавин ажиллахаар ярилцсан. 2024 он гэхэд Монгол Улс импортын нэг литр ч сүүг гаднаас авдаггүй болох зорилгыг эндээс шийдээд гарна гэж бодож байна. Бүтээгдэхүүнийг нэг нэгээр нь барьж аваад, дэмжээд ажиллахад амжилтад хүрэх боломжтой харагддаг” хэмээв.
Н.Батаа