Хоёрдугаар сарын 1-нд төрийн эргэлт хийж, засгийн эрхийг гартаа авсан Мьянмарын цэргийнхэн тус улсын төрийн зөвлөх асан Аун Сан Су Чиг төрийн нууцын тухай хуулийг зөрчсөн гэж буруутгаж, 14 жил хүртэл хорих ял төлөвлөжээ.
Энэ тухай Аун Сан Су Чигийн өмгөөлөгч Мин Мин Со “Myanmar Now” мэдээллийн цахим хуудаст мэдээлсэн байна. Аун Сан Су Чиг шүүх хурал пүрэв гарагт видео хурлын горимоор явагдсан бөгөөд түүний өмгөөлөгч Нейпьидо хотын цагдаагийн нэгэн хэлтсээс хуралд оролцжээ.
Өмнө нь тулгасан хэргүүдээр Мьянмарын үндэсний удирдагч Аун Сан Су Чи нэгээс хоёр жил хоригдох ял авч магадгүй байсан бол төрийн нууцын тухай хуулийг зөрчсөн гэж буруутгагдсаныхаа төлөө 14 жилийн хорих ялаар шийтгүүлж магадгүй болоод байна гэж Мин Мин Со мэдээлжээ. Шинэ хэргийн талаар шүүгчдээс хэн нь ч дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй гэж тэрбээр нэмж хэлсэн байна.
Мьянмарын цэргийнхэн интернэтийг үе үе тасалж байсны улмаас өмнө нь хоёр ч удаа хойшлогдсон шүүх хурал пүрэв гарагт болсон боловч удаан үргэлжилгүй товчхон болсон байна. Мин Мин Согийн ярьснаар, Аун Сан Су Читэй холбоотой шинэ хэргийг танилцуулсны дараа хурлыг хааж, дараагийн хурлыг дөрөвдүгээр сарын 12-нд товложээ.
Аун Сан Су Чи, Мьянмарын Ерөнхийлөгч асан Вин Мьинт нар хуралд мөн цахимаар оролцсон байна.
Эх сурвалж: TASS.RU