Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/246 дугаар захирамжтай холбоотой түгээмэл ирж байгаа асуултад хариулт өгч байна.
-Ресторан амралтын өдрүүд болон ажлын өдрүүдэд ажиллах уу?
-Рестораны үйлчилгээг хязгаарлалтад оруулаагүй. Учир нь УОК-ын нэгдүгээр тогтоолоор хүргэлтийн хоолны үйлчилгээг хориглоогүй тул ресторан нь зөвхөн хоол үйлдвэрлэл явуулж, заалаараа үйлчилгээ үзүүлэхгүйгээр хэрэглэгчдэд хүргэлтийн хоолны болон хоолыг захиалж авч явах үйлчилгээг үзүүлэх болно. Нийслэлийн Засаг даргын дөрөвдүгээр сарын 2-ны А/246 дугаар захирамжаар 07:00-20:00 цагт багтаан хүргэлтийн үйлчилгээг үзүүлнэ.
-Кофе шоп, цайны газрууд, сүлжээ хоолны газрууд амралтын өдрүүд болон ажлын өдрүүдэд ажиллах уу?
-Хоол үйлдвэр, үйлчилгээний бусад газрууд тухайлбал, цайны газар, сүлжээ хоолны газрууд, кофе шоп зэрэг нь зааландаа УОК-ын даргын 2021 оны 18 дугаар тушаалаар батлагдсан “Коронавируст халдвар /Ковид 19/-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”, тусгай нөхцөл шаардлагыг мөрдөж, хүн хоорондын зай барьж үйлчилнэ. Зөвшөөрөгдсөн бусад худалдаа, үйлчилгээний газрууд нь энэхүү “ТҮР ЖУРАМ”, тусгай нөхцөл шаардлагыг чанд мөрдөн, үйл ажиллагаандаа өдөр, цагийн зохицуулалт хийж 07:00-20:00 цаг хүртэл, хүчин чадлын 50 хүртэлх хувиар ажиллах зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллана.
-Зах, томоохон худалдааны төвүүд амралтын өдрүүдэд ажиллах уу?
-Амралтын өдрүүдэд ажиллах бөгөөд “Коронавируст халдвар /Ковид 19/-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”, тусгай нөхцөл шаардлагыг мөрдөж, хүн хоорондын зай барьж үйлчилнэ. Хүчин чадлын 50 хүртэлх хувиар ажиллах зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллана.