Чуулганы хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Засгийн газар шинээр эмхлэн байгуулагдсантай холбогдуулан Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд Засгийн газрыг төлөөлөх зарим гишүүдийг чөлөөлөх, томилох шаардлага үүсчээ. Түүнчлэн даатгуулагчийг төлөөлсөн зөвлөлийн гишүүн Б.Мягмар нь бүрэн эрхийн хугацаагаа дуусахаас өмнө чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлжээ. Учир нь, тэрээр НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа юм.
Байнгын хороо Т.Мөнхсайханыг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даргын үүрэгт ажлаас чөлөөлж, түүний оронд Эрүүл мэндийн сайд С.Энхболдыг, даатгуулагчийг төлөөлсөн зөвлөлийн гишүүн Б.Мягмарыг чөлөөлж, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос нэр дэвшүүлсэн Х.Амгаланбаатарыг томилохыг дэмжсэн юм.
Эрүүл мэндийн сайд С.Энхболдыг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даргаар томилох саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 58.5, Х.Амгаланбаатарыг даатгуулагчийг төлөөлсөн гишүүнээр томилохыг гишүүдийн 55.4 хувь нь дэмжиж томиллоо.
Б.Эрдэнэ