Хөдөлмөрийн баатар, Дархан аварга Х.Баянмөнхийн ач охин Гантогтохын Хандсүрэн Японы волейболын Дээд лигийн легионер тоглогчдын нэг боллоо.
Улсын Гарьд Б.Гантогтохын охин Хандсүрэн нь “Тэнүүн-Огоо” спорт клубын тамирчин юм. Тэгвэл одоо Япон улсад амьдардаг төдийгүй өнгөрсөн оны 12 дугаар сард “International Transfer Certificate” авсан байна. Тэрбээр волейболын спортоор эрчимтэй хичээллэж эхлээд 8 жил болсноос Японд 7 жилийн системтэй байнгын бэлтгэл хийж буй юм.
Г.Хандсүрэн өөрийн цахим хуудастаа “Мэргэжлийн тамирчин” гэх алдрыг нэр хүндтэй авах нь үнэхээр гайхалтай сайхан байна. Волейболын спортод хөтлөн оруулсан С.Гансүх, Д.Солонго багш нартаа тусгайлан баярласан талархсанаа илэрхийлье” гэж бичжээ.
Тэрбээр 2018 оноос хойш “Хасу CUP”, “Тэнүүн Огоо CUP”, Волейболын холбооны цом, Үндэсний дээд лиг зэрэг том тэмцээнүүдэд медальт байрт шалгарч байжээ. Мөн Японы оюутны дээд лигийн хошой мөнгө, “Бүх Японы аварга” тэмцээний 4 дүгээр байрт багаараа шалгараад байгаа юм.
Б.Эрдэнэ