Энхтайваны гүүрний доор Дунд голын замд өчигдөр орой ноцтой осол гарсан байна.
Энэ талаар ТЦА-ны алба хаагч, хошууч Ц.Гомбосүрэн: “Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, Дунд голын замд осол гарсан тухай дуудлага өчигдөр 21:00 цагийн үед ирсэн. Тээврийн хэрэгслийн жолооч санамсаргүй, болгоомжгүй байдлаас болж гүүрний өндрийн хязгаарыг мөргөсөн ноцтой зам тээврийн осол гарсан байна.
Жолооч машиндаа ганцаараа явсан бөгөөд согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй нь тогтоогдсон. Өндрийн хязгаарлалт байснаар гүүр нураагүй. Замыг чөлөөлж, гүүрийн засварын ажлыг эхлүүлээд байна” гэсэн мэдээлэл өглөө.
Түүнчлэн ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү: “Жолоочийн биеийн байдал гайгүй. Азаар хүний амь нас эрсдээгүй. Машин нэлээн эвдрэлтэй. Тиймээс жолооч нар анхаарал сэрэмжтэй байх, хурд хэтрүүлэхгүй, машины өндөр болон хязгаарлалтыг тооцож хөдөлгөөнд оролцож байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна” гэлээ.
Тээврийн цагдаагийн алба