Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ны бүх гишүүдийн хурлыг 3 дугаар сарын 31-ний лхагва гарагт цахимаар зохион байгуулав.
Хурлаар МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, төсөв батлах тухай илтгэлийг бүх гишүүдэд танилцуулж, санал бодлоо солилцсон юм.
МҮОХ өдгөө нийт 75 спортын холбооны 179 гишүүнийг эгнээндээ нэгтгэсэн бөгөөд өнөөдөр 103 гишүүн цахим хуралд идэвхтэй оролцсон байна.
Энэ хурлаар зарим Спорт холбоодоос МҮОХ-нд ирүүлсэн албан хүсэлтийн дагуу ажил төрлийн шаардлагаар нэр бүхий гишүүдийг шинээр сонгох тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.
МҮОХ-ны гишүүнээр батлуулах тухай Дүрмийн 6, 7 дугаар зүйлийг үндэслэн , Монголын Хүндийг өргөлт, Волейбол, Бокс, Жүдо, Бадминтон, Чөлөөт бөхийн холбоод, Булган аймгийн “Москва”, Хан-Уул дүүргийн “Калгари”, Орхон аймгийн “Атланта” олимпын зөвлөлөөс тус тус ирүүлсэн албан хүсэлтийг хэлэлцэн, Гишүүдийн хурлаас дор нэр дурдсан 11 хүнийг шинээр баталлаа.
- Т.Мөнхбаяр- Монголын боксын холбооын Ерөнхийлөгч
- Х.Болдбаатар –Монголын жүдо бөхийн холбооны ахлах дасгалжуулагч
- П.Гансүх- Монголын чөлөөт бөхийн холбооны Ерөнхийлөгч
- Г.Даваадорж- Монголын хүндийг өргөлтийн холбооны Дэд ерөнхийлөгч
- С.Үенбаатар- Монголын Хүндийг өргөлтийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга
- Т. Гантулга- Монголын бадминтоны холбооы Ерөнхий нарийн бичгийн дарга
- Ц.Чингарьд – Монголын волейболын холбооны Ерөнхийлөгч
- Б.Мөнхдөл – Монголын волейболын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга
- Б. Ариун-Эрдэнэ- Булган аймгийн “Москва” Олимпийн зөвлөлийн дарга
- Я.Хоролсүрэн- Орхон аймгийн “Атланта” Олимпийн зөвлөлийн дарга
- Э.Энхмөнх- Хан-Уул дүүргийн “Калгари” Олимпийн зөвлөлийн дарга
Б.Эрдэнэ