Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Гадаад харилцааны яаманд ажиллалаа. Уулзалтын эхэнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг олон улсын харилцааны өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, гадаад харилцааны салбарт анхаарах асуудлуудын талаар товч танилцуулав.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Гадаад харилцааны яамны үйл ажиллагаатай танилцахын зэрэгцээ хилийн чанад дахь Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүдтэй цахимаар уулзалт хийж, Засгийн газраас баримталж буй бодлого, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар тодорхой ярьж, гадаад харилцааны салбарт хэрэгжүүлэх шаардлагатай асуудлуудаар хугацаатай ажлууд байгаа талаар саналаа илэрхийллээ.
Тухайлбал, дархлаажуулалтыг эрчимжүүлэх чиглэлээр КОВИД-19 цар тахлын эсрэг вакцин авчрах ажлыг шуурхайлах, эдийн засгаа сэргээх чиглэлээр гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, гадаадын түншүүдийнхээ итгэлийг сэргээх, гадаад бодлогын хэрэгжилтийг нэгдмэл байдлаар хангах, хилийн чанадад байгаа монгол иргэдээ татан авах, тэдний эрх ашгийг нь хамгаалахад Гадаад харилцааны яам болон Дипломат төлөөлөгчийн газруудыг идэвх, санаачилгатай ажиллахыг уриалав.
Цахим уулзалтын үеэр Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүд хийж хэрэгжүүлж буй ажлын талаарх мэдээллээ Ерөнхий сайдад танилцуулж, санал бодлоо илэрхийллээ.
Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс