Ардчилсан намд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор О.Баасанхүүгийн байр суурийг Зөв.мн сайт шууд дамжуулан хүргэсэн билээ. Ингээд тус сайтын ярилцлагаас уншигчдадаа хүргэж байна.
Сэтгүүлч: -Ардчилсан нам дотооддоо асуудлаа шийдэж чадахгүй, нэгдэж чадахгүй байсаар байгаад хоёр талд Эрдэнийн тал, Ц.Тувааны тал гээд хоёр намын дарга сонгогдчихлоо. Тэгэхээр одоо О.Цогтгэрэл, М.Тулгат хоёрын хэн нь намын дарга вэ гэдгийг Дээд шүүх эцсийн байдлаар шийднэ гэж ойлгож болох уу?
О.Баасанхүү: -С.Эрдэний тал, Ц.Тувааны тал гэж ойлголт байхгүй. Ерөнхийлөгчийн тал ба бусад гэж ойлгох хэрэгтэй болж байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгч маань одоогийн Ардчилсан намаас хэн нэгэнтэй сунгаанд орохгүйгээр гаргаад ирэхэд өөрийнх нь гар хөл болох, мөнгө төгрөг өгөөд явахад үгэнд нь орох хүнийг л намын даргаар тавих хүсэлтэй байгаа.
Харин Ерөнхийлөгчийнх биш гээд байгаа хэсэг нь болохоор дүрэм журмаараа олон ургалч үзэлээрэй. Бид чинь 2017 онд хаширсан байхгүй юу. Өмнө П.Очирбат ч байдаг, Ц.Элбэгдорж ч байдаг. Өрсөлдөөнгүй…, Яасан шуналтай юм. Хүн нэг удаа ерөнхийлөгч болсон, дараагийн удаа дахиад ерөнхийлөгчид өрсөлдөж болно. Тэглээ гэхэд тэр хүн чинь бусад даа хөнгөн бололцоо өгөх хэрэгтэй шдээ.
Жишээ нь Би 45 настай байлаа гэхэд Би Ерөнхийлөгчид өрсөлдье. “Өө тэг тэг, та өрсөлд нам дотроо”. Нам дотроо манай намын гишүүн өрсөлдөж үзлээ, явлаа. Дараа нь тэр чинь Орон нутгийн сонгуульд ч байна уу, УИХ-ын сонгуульд өрсөлдөхөд нь жаахан ч гэсэн имиж, PR хэрэгтэй ш дээ. Гэтэл хэн ч өрсөлдөж болохгүй. Ц.Оюунгэрэл ч өрсөлдөж болохгүй, 50 настай хэн ч байдаг юм. Р.Амаржаргал ч өрсөлдөж болохгүй. Олигтойхон өрсөлдөх гэж байгаа бүх хүн нь гэмт хэрэгтэн шиг болчихсон.
Мүүний шашинтан ч гэх шиг, сайн ах ч гэх шиг есөн шидийн нэр зүүгээд яваад байна шд. Энэ л намд эхний том хагарал үүсгээд байгаа юм. Тийм учраас намын дарга хэн болох вэ гэдэг чухал асуудлыг нэг хэсэг нь Ерөнхийлөгчид таалагдсан хүн болох, нөгөө хэсэг нь дүрмийн дагуу сонгогдох ёстой гэсэн хоёр хуваагдал яваад байна гэж харагдаад байна.
Хэрвээ та нарын нэрлэдгээр Ц.Тувааны тал гээд яваад байгаа нөхдүүд чинь Цогтгэрэл дээр бүгдээрээ очиж баяр хүргэсэн ш дээ. Цогтгэрэлээ чамайг дэмжье гээд.
Тэр үед нь би хэлсэн ш дээ. Наадах чинь тоглоомын сонгууль байна гэж. Хэн ялахыг яаж мэдээд байгаа юм. Дараа нь хэвлэлээр Цогтгэрэлийг болго гээд бусдыг нь шахсан гэдэг асуудал яригдсан. Энэ бол хэвлэлээр гарсан, би зохиож яриагүй.
Дараа нь 800 сая төгрөгийг О.Амартүвшин зарцуулаад гаргаж байхад нь тэр нь тоглоомын сонгууль болгож харагдаж байна ш дээ. Монголд нууц биш юм нэг өдөр ил болно гэдэг шиг илт харагдаад байгаа байхгүй юу.
Нөгөөдөх нь үнэт зүйлээ аваад дүрмийн хүрээнд явъя гэж. Тэрийг нь С.Эрдэнэ гэдэг хүн дээр наачхаад байгаа байхгүй юу. С.Эрдэнэ гэдэг хүн би намын дарга болмоор байна аа Би өөрийнхөө талын хүнийг намын дарга болгомоор байна. Миний үгэнд ордог хүн намын дарга болох ёстой гэж нэг ч хэлээгүй ш дээ.
Харин намын даргаа аваад өгөөчээ. Найман сарын 27-н гэхэд намын даргаа ав. Ингэхийн туд Дотоод сонгуулийн хороогоороо шийд гэсэн. Дотоод сонгуулийн хороо 8 сарын 27-нд шинэ дарга нь гарч ирээд Орон нутгийн сонгуулиа ялуулаад, Ерөнхийлөгчийн сонгуулиа ялуулаад, УИХ-ын сонгуулиа ялуулаад Ерөнхийлөгч болох ёстой гэсэн зүйлийг байхгүй болгож байгаа байхгүй юу. Үүнийг байхгүй болгоно гэдэг нь Намын даргагүй оруулсан. Намын даргагүй С.Эрдэнээ оруулсан юм уу. Тамгаа өгөөд Орон нутгийн сонгуулиар намаа ялуулчих гэсэн чинь Намын даргагүй оруулж байгаа байхгүй юу.
Тэгээд орон нутгийн Сонгуулийн сурталчилгаанд Ерөнхийлөгч өөрөө биечлэн явсан ш дээ. Бүгд мэдэж байгаа. Аймгуудаар яваад л энээ тэрээ гээд, намуудын дарга нарыг цуглуулаад МАН юу гээд улстөр хийсэн ш дээ.
Ингэж болохгүй. Тийм байлаа ч бид үүнийг хурдан шийдэх ёстой байсан. Харамсалтай нь шийдэх гэхээр Шүүх рүү өгчихдөг. Шийдэх гэхээр янз бүрийн асуудал үүсгэчихдэг. Тэгээд шүүхийн маргаантай үед аливаа асуудлыг шийдэж болдоггүйн байна л даа.
Хамгийн өрөвдөлтэй нь 12 сарын 18-нд шүүхэд өгөөгүй байсан бол намын даргаа сонгоод та нарын дургүйцээд байдаг С.Эрдэнэ гэдэг хүн чинь намын даргаасаа буугаад шийдэгдчих ёстой байсан.
Хоёр сард шийдчихье гэсэн дахиад дээд шүүхийн асуудал дэгдсэн. Арай гэж үүнийг шийдэхийн тулд наад байгаа дөрөв, энд байгаа тав нийлээд 9-үүлээ санал хураалтад орчих гэсэн. Энэ санал хураалтад О.Цогтгэрэл гарсан бол юм хэлэхгүй.
Гэтэл цаасан сонгууль гээд байгаа зүйл нь хууль бус байхгүй юу. Дүрмийн бус. Яагаад хууль бус гэж байна вэ гэхээр “Онц дэглэм тогтоочихсон, 12 аймаг нь Улаан түвшинээр хөдөлгөөн хорьсон, дээрээс нь төрийн сонгуульд хүн ороход иргэний үнэмлэх, гарын үсэг хурууны хээгээр байгааг нь тодорхойлж, дээрээс нь гарын үсэг зурдаг. Манайд 330 суман д очоод хэн ажигласан юм. Гарын үсгийг нь хэн баталгаажуулж авсан юм. Хэн ажиглаад байгаа юм. Орхон аймагт л гэхэд 6 цагаас хойш шал худлаа байсан гээд манай намын гишүүд хэлж байна лээ… Би дөрвөн жил байсан болохоор ах дүү шиг байсан хүмүүс үнэнийг нь хэлсэн, мөнгө өглөө энэ тэр гээд. Ингэж улайрах ямар хэрэгтэй юм.
Бүтэн намыг Коронагийн хүнд үед, 21 аймгаар орчиж сурталчилж чадахгүй үед ингэж болохгүй.
Азаар шүүх эцсийн шийдвэр гаргах байх. Намын их хурал хийнэ. Намын их хурлаа хийгээд бичиг баримтаа Улсын дээд шүүхэд өгнө. Энэ бичиг баримтыг шүүх эцсийн шийдвэрийг гаргана.
Сэтгүүлч -АН-ын дарга М.Тулгат уу, О.Цогтгэрэл үү гэдгийг дээд шүүх шийдэх юм байна. Тэгвэл өнөөдөр дээд шүүхэд нөлөөлөх магадлалтай хүн Ерөнхийлөгч, тэгэхээр нөгөө талд шийдвэр гаргах магадлал өндөр юм бишүү?
О.Баасанхүү: -Эрх зүйт төр гэж байна. Ерөнхийлөгч Мөнх биш ш дээ. 2020 оны 7 сарын 1 хүртэл С.Эрдэнэ намын дарга байжээ. Одоо энэ С.Эрдэнэ гэдэг даргыг солих гээд байгаа юм у, эсвэл Ц.Туваан гэдэг даргыг солих гээд байгаа юм уу? Энэ эхний асуулт биздээ.
С.Эрдэнэ гэдэг даргыг солих гэж байгаа юм бол С.Эрдэнэ гэдэг даргыг солих сонгууль болох ёстой юм байгаа биздээ. Солих сонгууль нь болоод нэг хүн гараад ирлээ гэвэл С.Эрдэнэ гэдэг дарга нь Намын их хурлыг зарлах ёстой биздээ. “За би ажлаа өгөе өө. Их хурлаа зарлая, сонгогдсон дараагийн даргад тамгаа өгөөд. Их хурлаараа орж ирээд хуралд оролцогчид намын даргын сунгаа чинь ямар юм. Яасан юм, ямар учиртайн юм байсын гээд гар өргөөд хамгийн их санал авснаар нь М.Тулгатаа батлаад Намын их хурлын шийдвэрээ Улсын дээд шүүхэд өгөөд дарга солигдох процесс чинь дуусна биздээ.
Аа Тэгээд дуусангуут гэрчилгээнд нь өөрчлөлт орох ёстой. Гэрчилгээн дээр С.Эрдэнэ гэдэг хүн байхгүй болоод М.Тулгат гэдэг хүн нэмэгдэнэ. М.Тулгат гэрчилгээгээ барьж очоод дансаа нээлгэнэ. М.Тулгат гүйж очоод тамгаа авна. Ингээд л явдаг биздээ.
Гэтэл өнөөдөр энэ нөхдүүд хэнийг солих гээд байгааг мэдэхгүй байна. Нөгөө тал гээд байгаа чинь. Хоёрт Данс байхгүй, тамга байхгүй. Хэнээс тамга аваад хэнд өгөх гээд байгаа юм. Намын их хурлыг яаж зарлах гээд байгаа юм.
Хууль гэдэг чинь Хуучин удирдлагыг солиод шинэ удирдлага гарч ирэх ёстой л байхгүй юу. Түүнээс биш Хуучин удирдлага солигдоод шинэ удирдлага гарч ирэх процесс биш ээ. Та нар огт хамаагүй. Бид энд шинэ удирдлага хийх гээд байна гэвэл өөр асуудал. О.Цогтгэрэл гээд хүмүүсийн яриад байгаа зүйл бол шинээр нам байгуулах гээд байгаа юм уу, шинэ намын дарга юм уу би мэдэхгүй байна.
Яг одоогийн гэрчилгээн дээр АН-ын дарга нь С.Эрдэнэ гэж хүн байна. Тамгыг С.Эрдэнэ гэж хүн барьж байна. 2020 оны 7 сарын 1-нээс хойш үүнийг аваад өгөөчээ, солиод өгөөчээ, би намын их хурлыг чинь хийгээд өгөе гээд яваад байгаа ш дээ. Энэ процессыг нь хоёр сар хүртэл гацаачихаад хоёр сараас хойш одоо хийе ээ гэнгүүт нь огт хамаарахгүй тэнд нь яваад байдаг.
Та нар хүрч ирээд энд оролцоод санал хураалтад орчихоо. О.Цогтгэрэл гарна уу, О.Амартүвшин гарна уу хамаагүй ш дээ. О.Амартүвшин нь амаа бариад явж байгаа юм билээ хөөрхий. Ийм байж, мэдээгүй гээд. Ойлгомжтой ш дээ. Эхнээсээ л хэлсэн ш дээ. Бүртгүүлэнгүүт нь УИХ-ын гишүүн гээд хэдэн юмнууд нь гүйц очоод баяр хүргээд байдаг.
Бүхэл бүтэн дөрөв, таван хүн байхад чинь. Манай Ерөнхийлөгчөөс хүмүүс их айдаг. Би гайхдаг. Ерөнхийлөгчөөс юунаас нь айдаг юм. Яасан юм. Зүгээр л Монгол эр хүн биздээ. Юунаас нь айгаад байгаа юм.
Сэтгүүлч -Та Ерөнхийлөгчтэй ойр биздээ?
О.Баасанхүү: -Би ойр байна гэдэг чинь айгаад ойр байгаа хэрэг биш шүү дээ. Тэр хүний нүүрсийг хувийн компанид өгч болохгүй, нэг компани яагаад бүгдийг авах ёстой юм. Тэрийг би байнгын хорооны даргын хувьд “Энэ чинь олон нийтэд өгөх ёстой. Тавантолгой дээр бид хоёрын санал нийлээд л явж байгаа ш дээ.
Би одоо юу гэж хэлж байгаа вэ гэхээр энэ нам дээр энэ хүн намын гишүүн биш учраас намын институтэд Төрийн эрх мэдлээр нөлөөлж болохгүй. Энэ байгаа гишүүд нь ч гэсэн төрийн алба хаагчид. Тангараг өргөчихсөн. Төрийн албаны хууль дээр Улстөрийн албан тушаалтан гээд байж байна. Гэтэл яагаад тэд нар нь хүрч ирээд дотоод асуудалд оролцож болохгүй. Байгаа дүрэм журмаараа асуудал нь шийдэгдэнэ. Тун эвгүй харагдаж байна.
Улсууд С.Эрдэнэд их дургүй байсан. Сүүлийн үед цаад хүнийг чинь өрөвдөөд байна шүү. Нээрээ зайлуул, хүчтэй нь хүчгүйгээ барьж идэж байгаа жам ёс юм уу хаашаа юм.
Хуулиараа 4 сарын 30-наас 5 сарын 2-ны хооронд нэр дэвшүүлэх процесс ярина. Тэр үед л хэнийг дэвшүүлэх вэ гэдгээ ярина. Одоо харамсалтай нь манайд өнөөдөр С.Эрдэнэ даргын зөвлөх Зандаахүүгийн Энхболд бид нар Халтмаагийн Баттулгыг дэвшүүлнэ гэж яриад байгаа байхгүй юу. Хуулиараа бол тэрийг, энийг нэр дэвшүүлнэ гэж ярьж болохгүй.
Б.ИРЭЭДҮЙ