Хиллари, Билл Клинтон нар өдгөө АНУ-ын хамгийн баян гэр бүлийн нэгд тооцогдож байна. Гэвч тэд үргэлж ийм баян чинээлэг байгаагүй юм. Анхандаа эгэл даруухан амьдарч байсан энэ хос Цагаан ордныг орхимогцоо халаасандаа сохор зоос ч үгүй, асар их өртэй болжээ. Эцэст нь эхнэр нөхөр хоёр орлоготой байх аргаа олж, 200 мянган ам.доллараас доошгүй үнэтэй хувийн лекцүүдээ уншиж эхэлжээ. Секс дуулиан, Ерөнхийлөгчийн суудлын өрсөлдөөний шуугиан гээд олон зүйлийг давж гарсан энэ хосын тухай “Лента.ру” дэлхийн бүх цаг үеийн удирдагчдын тансаг амьдралын тухай нийтлэлд бичсэнийг орчуулан хүргэж байна.
«Манайх гэдэг айл бараг л дампуурсан»
«Биллийг Ерөнхийлөгчийн хоёр дахь удаагийн үүргээ дуусгах үед манайх гэдэг айл бараг дампуурчихсан байсан. Бид Цагаан ордныг мөнгөгүйгээр барахгүй өртэйгөөр орхиж байлаа. Бидэнд ипотекийн зээлээ төлөх, үл хөдлөх хөрөнгө, Челсигээ сургах мөнгө олох үнэхээр хүнд байлаа» хэмээн Хиллари Клинтон 2014 оны зургаадугаар сард ABC News теле сувагт өгсөн ярилцлагадаа ярьж байжээ.
Ийнхүү тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгч асан нөхөр Биллтэйгээ яагаад төлбөртэй лекц уншиж, хэдэн сая ам.доллар олдог болсноо тайлбарласан юм. Хиллари, Билл Клинтон нар 2001-2005 онд олон нийтэд үг хэлснийхээ төлөө 153 сая гаруй ам.доллар олжээ. Тэд нэг бүр нь 200 мянган ам.доллараас дээш өртөгтэй нийтдээ 729 лекц уншжээ. Эхэндээ төрийн тэргүүний лекц 60 мянган ам.доллараар үнэлэгдэж байсан ч томоохон корпорациуд АНУ-ын 42 дахь Ерөнхийлөгчийн илтгэлд тус бүр 750 мянган ам.доллар гаргадаг болжээ.
Билл Клинтоны Калифорнид хийсэн нэгэн илтгэл хэвлэлүүдээр багагүй шуугиан тарьсан юм. АНУ-ын экс Ерөнхийлөгч Сан-Францискогоос 112-хон км зайд орших нэгэн жижиг хот руу очихын тулд хувийн онгоц шаардсан гэдэг. Үүнээс гадна хосын оройн зоогт 700 ам.доллар, утасны ярианд 1400 ам.доллар зарцуулжээ.
Клинтоны хүрээллийнхэн түүнийг улстөрчдийн олон нийтэд өгдөг илтгэлийн дүрмийг өөрчилсөн хэмээн ярьцгаадаг байв. Нэгдүгээрт, экс төрийн тэргүүн гэрээний нэмэлт заалт гаргадаг болсон, хоёрдугаарт, лекцнийхээ төлбөрийг хэд дахин нэмэхийг шаардсан гэдгээрээ онцлогтой. Тэрбээр илтгэлийнхээ дараа тавигдах бүх асуултыг урьдчилан тохиролцох замаар таагүй асуултуудаас зайлсхийдэг байлаа. Ийм гол хоригт өөрийнх нь холбогдсон секс дуулиан орно.
«Надад дансаар тооцоо хийх ёстой байв. Дээр нь би илтгэлдээ маш чамбай бэлтгэдэг байсан. Өдөр бүр хэдэн цагаар судалгаа хийж сууна. Хүмүүст миний яриа таалагддаг байсан» хэмээн Билл Клинтон их хэмжээний мөнгө авдаг гэж буруутгасны дараа мэдэгджээ.
Гэхдээ Клинтон илтгэл бүрийнхээ шагналын 10 хувийг сайн үйлсэд зарцуулдаг бол түүний гэргий 17 хувийг зарцуулдаг байв.
«Үс гэзэг, нүүр будалтдаа 600 цагийг зарцуулжээ »
Клинтоны гэр бүлийнхэн лекцээр асар их мөнгө олдог хэдий ч Билл брэндийн биш хувцас өмсөхийг илүүд үздэг байв. Харин түүний цорын ганц тэсэж чаддаггүй зүйл бол Америкийн Timex брэндийн үнэт цаг.
Харин эхнэр нь эсрэгээрээ, 2015-2016 онд Ерөнхийлөгчийн суудлын төлөө тэмцэлд шинэ имиж бүрдүүлэхийн тулд асар их мөнгө зарцуулж байлаа. The New York Post-ын тооцоолсноор тэрбээр шинэ хувцас зүүсгэлдээ 200 мянган ам.долларыг зарцуулжээ. Жишээ нь, 2016 онд Нью-Йоркт нэг илтгэл тавих үеэрээ Хиллари 12,5 мянган ам.долларын үнэтэй Giorgio Armani-гийн хүрэм өмссөн бол Айова мужид 4000 ам.долларын үнэтэй Susanna Beverly Hills пиджактай гарч иржээ.
Тэрбээр орчин үеийн шинэ дүр төрх бүрдүүлэхийн тулд имижмейкерүүд, үсчдын баг хөлсөлсний дотор Обама Ерөнхийлөгчийн гэргийн туслах Кристина Шейк хүртэл багтжээ. Мишелийн хувьд өөрөө ч стильтэй эмэгтэйгээр тодорч, Vogue сэтгүүлийн нүүрэнд хоёр ч удаа гарч байсан юм. Түүнээс ялгаатай нь Билл Клинтоныг Ерөнхийлөгч байх хугацаанд, мөн Барак Обамагийн засаг захиргаанд Төрийн нарийн бичгийн дарга байх хугацаандаа тэрбээр загварлаг, стильтэй гэдгээрээ ялгарч байсангүй.
Ийнхүү дээд зэрэглэлийн стилистүүдийн багийнхаа ачаар Клинтон Европын дизайнеруудын үнэтэй, тансаг хувцастайгаар олны өмнө гарч ирдэг болжээ. Хиллари Manolo Blahnik-ийн туфль, Mikimoto-гийн сувдан чимэглэл, Marco Bicego, Joan Hornig ба Robert Lee Morris-ын сондортой гарч ирж байсан нь бүгд л хэдэн зуун мянган ам.долларын үнэтэй юм.
Хиллари нүүр будалт, үс засалтдаа онцгойлон анхаарч байв. 2016 оны сонгуулийн кампанит ажлын үеэр тэрбээр нүүр, үс засалдаа нийт 600 цаг буюу 25 хоногийг зарцуулсан гэх судалгаа байдаг юм байна.
Их сургуулийн хамгийн хачин хос
Хиллари (хүүхэд ахуйн овог нь Родэм) Чикагогийн дагуул хотод, дунджуудын хороололд өсөж торнижээ. Түүний эцэг бөс даавууны худалдаанд хамаг мөнгөө цуглуулдаг байв. Хиллари дурсамж номондоо хэдийгээр гэр бүлийнх нь орлого сайн ч аав нь бас чанга хүн байсан, гэрээсээ гарахдаа дулаанаа зогсоодог, шүдний оогоо таглаагүйн төлөө уурладаг хүн байсан гэжээ.
Ирээдүйн тэргүүн хатагтай багаасаа л удирдагч нэгэн байсан юм. Сургуульд байдаг “Залуу бүгд найрамдахчууд”-ын байгууллагаас эхлээд библийн сургууль, номын клуб гээд бүхий л газарт тэрбээр оролцоно. Тэр үеэсээ л улс төрд орохыг хүсэж байгаагаа ойлгож эхэлжээ. Дунд сургуулиа төгсөөд Зүүн эргийн хамгийн эртний бөгөөд нэр хүндтэй эмэгтэйчүүдийн коллеж болох Уэллслигийн коллежид элсэхээр шийджээ.
Хиллари дунд сургуульд байхдаа амжилттай, олны хүндлэлийг хүлээсэн хүн байсан бол коллежид найзуудтай болоход нэлээд төвөгтэй болж иржээ. Оюутан охидын олонх нь баян, өөрсдийнхөө машинаар явж, гадаадад амардаг байсан болохоор эцэг эхийнхээ мөнгөөр биш, өөрийнхөө чадвараар элссэн охиныг үл ойшоодог байжээ. Үүнээс болоод эхэндээ Хиллари сургуулиа хаях гэсэн боловч түүний хувьд энэ сургууль их улс төрд орох үүд хаалга байсан тул үлдэхээр шийджээ.
Хэсэг хугацааны дараа Хиллари мөнгөтэй болоод Йелийн эрх зүйн сургуульд орохоор шийджээ. Ийнхүү тэрбээр 235 залуугийн дунд сурахаар болсон 27 эмэгтэйн нэг болсон юм.
Энд тэрбээр яг л байх ёстой газраа ирсэн мэт байв. Учир нь тус их сургууль чармайлттай оюутнуудыг үнэлдэг аж. Хэтийн зорилготой, амбицтай охин тун удалгүй 1 ах Билл Клинтонд татагдаж татаж эхлэв. Хиллари түүнд анхны харцаараа дурласан ч үргэлж л эргэн тойрондоо охид шавуулсан, Арканзасаас ирсэн сайхан залуу түүнийг анзаарч харахгүй л байлаа. Энэ үед л тэрбээр тэмцэхээр шийджээ. Эцэст нь Хиллари Билл нар жилийн дараа уулздаг болж эхлэв. Энэ харилцаа хоёуланд нь таатайгаар эргэж байв. Учир нь зарчимч, тооцоотой охин зохион байгуулалтгүй Биллийн эрч хүчийг зөв чиглэлд нь эргүүлж байлаа.
Клинтоны найзууд Хиллари шууд л хүлээн зөвшөөрсөн бол ээжид нь харин найз бүсгүй нь таалагдсангүй. Царайлаг сайхан хүүд нь доожоогүй, цаг үедээ нийцээгүй, гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэдэггүй охин тохиромжгүй гэж үзжээ. Харин Хилларигийн гэр бүл Биллд тун таатай хандаж байлаа. Бүгд найрамдах үзлийг үргэлж дэмждэг Хилларигийн эцэг нь хүртэл ардчилагч залуу сонгосонтой хэдийн эвлэрчээ.
Хосууд хямд байр түрээслэн хамтран амьдарч эхлэв. Билл анх удаа Хиллариг Европт буюу Британид авчирчээ. Тэнд тэрбээр гэрлэх санал тавьсан боловч Хилларигаас гэнэт л татгалзсан хариу сонсчээ. Гэсэн ч Билл бууж өгөлгүй, дахин дахин гуйсаар байв. 1975 оны аравдугаар сард тэд 160 м.кв талбайтай жижигхэн зуслангийн зочны өрөөнд гэрлэсэн түүхтэй.
Энэ зусландаа тэд удаан амьдраагүй юм. 1978 онд хос Литл-Рок хотод байдаг Арзанкас мужийн захирагчийн эдлэн рүү нүүжээ. 32 настай Билл тухайн үед улс төрийн анхны ялалт байгуулж, мужийн хамгийн залуу захирагч болсон аж. Улаан тоосгон энэ шилтгээн тэдний өмнөх байшингаас хамаагүй тав тухтай, тохилог бөгөөд 3000 м.кв хэмжээтэй байв. Хоёр жилийн дараа Билл, Хиллари нар Челси хэмээх ганц охиноо төрүүлсэн юм.
Билл хоёр дахиа сонгогдож чадаагүй штабынхан нь ерөнхийдөө Хиллариг буруутгаж байв. Арканзасчуудын олонход нь мужийн захирагчийнх нь гэргий урьдын адил хүүхэд насныхаа овогтой явдаг, үүгээрээ тусгаар тогтносон хандлагатай байдаг нь таалагдаагүй аж. Тиймээс тэрбээр хоёр овог авахаар шийдэж, Родэм Клинтон овогтой болжээ.
Биллийн ажил үйлсэд улам дэвжиж, 1988 онд ардчилагчид түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох санал тавьжээ. Хиллари эрт орой хэзээ нэгэн цагт энэ тухай ярих нь мэдэж байсан ч одоохондоо зөвшөөрөхөд эрт гэж үзжээ. Тэрбээр Челси охиноо өсөхийг хүлээх шаардлагатай гэж үзсэн аж. Тиймээс Билл эхнэрийнхээ идэвхтэй дэмжлэгтэй Ерөнхийлөгчийн сунгаанд 3 жилийн дараа л орсон юм.
Хиллари шууд л баг бүрдүүлэн нөхрийнхөө сонгуулийн кампанит ажлыг хянаж эхлэв. Ингээд Билл Клинтоны карьерын эхний секс дуулиан дэгдэх хүртэл бүх зүйл тун гайхалтай явж байлаа. Женнифер Флауэрс хэмээх нэгэн америк бүсгүй олон жилийн турш улстөрчийн нууц амраг байсан тухайгаа ярьжээ. Хиллари шууд л нөхрөө хамгаалан, хэвлэлүүдэд үүнийг бүгд найрамдахчуудаас явуулсан чулуу, харин нөхөр нь журамтай сайн хүн гэж байжээ. Эхнэрийнхээ дэмжлэгийн ачаар 1992 оны арваннэгдүгээр сард Билл Клинтон АНУ-ын 42 дахь Ерөнхийлөгч болсон түүхтэй.
«Уучлаарай, би чамайг болон Челсиг хамгаалахыг хичээсэн »
Хиллари Цагаан ордонд ирмэгцээ хамгийн түрүүнд дотоод засалд нь анхаарч эхлэв. Картын өрөөг Дэлхийн хоёрдугаар дайны үеийнхээр, Хөх өрөөг XIX зуунд эрх барьж байсан Ерөнхийлөгч Жеймс Монрогийн үеийн стилиэр засаж тохижуулжээ. Тэргүүн хатагтайн хамгийн том бардамнал бол гэрийн стилиэр бүрдүүлсэн гал тогооны өрөө байв. Энэ өрөөнд гэр бүлээрээ таатай суухад зориулан ил зуух, том ширээ тавьж, хоёр төрлийн сандал эгнүүлжээ. Хиллари түүнчлэн маш их хэмжээний зураг, шилэн эдлэл худалдан авсан нь сүүлд Цагаан ордныг орхиход ч үлдсэн юм.
Хиллари нөхрөө байнга дэмжиж, уламжлалын дагуу зүүн жигүүрт байдаг тэргүүн хатагтайн өрөөг баруун жигүүр лүү, Зууван танхимын ойр байршуулжээ. Үүнээс гадна тэргүүн хатагтай анх удаа гадаад үзэмжиндээ анхаарч эхлэв. Үүнд нь Жаклин Кеннедитэй нөхөрлөдөг нь ч нөлөө үзүүлж, тэр Хилларид зөвлөгөөгөө харамгүй хайрлаж байлаа. Клинтон шараар үсээ будуулж, үнэтэй брэндийн дэгжин даашинз өмсдөг болов.
Билл Ерөнхийлөгчийн үед дуулиан үе үе гардаг байсан юм. Арканзасын бие хамгаалагчид нь Клинтоныг амбан захирагч байхдаа эмэгтэйчүүд түүнд авчирч өгдөг байсан гэж гэнэт зарласан бол Пол Жонс хэмээх америк бүсгүй Ерөнхийлөгчөө бэлгийн хүчирхийлэлд буруутгаж, 700 мянган ам.долларын нөхөн төлбөр шаарджээ. Хиллари мөн л уламжлал ёсоор энэ бүгдэд бүгд найрамдахчуудыг буруутгаж, нөхрөө дэмжиж байлаа. Ийнхүү Билл хоёр дахиа сонгогдсон юм.
Америкчууд Ерөнхийлөгч, тэргүүн хатагтайдаа сэтгэл хангалуун, хос 2 үнэхээр аз жаргалтай харагддаг байв. Гэтэл хосын хамтын амьдралыг асуудалд оруулсан бас нэгэн секс дуулиан дэгджээ. Хиллари энэ өдрийн тухай дүрслэн ярихдаа, өглөө нь Билл сонинууд дээр эхнэрт нь таалагдахгүй мэдээлэл нийтэлж гэж хэлсэн гэнэ. Моника Левински гэх ажилтан бүсгүйтэй холбоотой энэ асуудлаар Хиллари үнэхээр нөхөртөө итгэсэн үү гэдэг нь эргэлзээтэй ч түүн рүү ирэх халдлагыг хамгаалан, нөхрөө олон дутагдалтай ч хэзээ ч худал ярьдаггүй гэжээ. Гэтэл хэрэг буруу тийш нь эргэж, шинжээчид Ерөнхийлөгчийн ДНХ-ийг шаардаж эхлэв. Хэсэг хугацааны дараа улстөрчийг 22 настай дадлагажигч Моникатай дотно харьцаатай байсан нь тогтоогджээ. Билл Хилларидаа үнэхээр худал хэлсэн гэдгээ хүлээхээс өөр сонголт үлдсэнгүй.
«Уучлаарай, би чамайг болон Челсид хамгаалахыг хичээсэн» хэмээн Билл хэлэхэд миний амьсгал зогсох шиг л болсон. Би ч амаараа амьсгаа авмагцаа уйлж, түүн рүү ойлгож эхэлсэн. Бидний хамтын амьдралын хугацаандаа анх удаа би Биллийн асуудлыг шийдвэрлэхээ бүрэн зогсоосон доо.
Хиллари Клинтон
Хиллари үүнийг амьдралынх нь хамгийн хүнд өдөр байсан гэж ярьдаг. Ингээд нөхөр нь өөрөө сэтгүүлчдэд хариулт өгч, ард түмнийхээ өмнө уучлалт хүсэж, Челси охиндоо үнэнийг хэлэхээс өөр аргагүй болжээ.
Төрийн тэргүүн хосын гэр бүл ангалын ирмэг дээр иржээ. Клинтон нөхөртэйгөө огт ярихаа байж, салах талаараа бодож эхлэв. Гэтэл энэ үеэр АНУ-ын Конгресст Ерөнхийлөгчид импичмент үзүүлэхээр бэлтгэж эхэллээ. Хиллари хожим ярихдаа гэр бүлээ хамгаалах уу гэдгээ мэдэхгүй байсан ч Ерөнхийлөгчөө хамгаалахаар шийдсэн гэнэ. Дуулианы дараа тэргүүн хатагтай анх удаа олны өмнө гарч ирэхдээ инээмсэглэсэн төдийгүй нөхрийнхөө гарыг атган, аяархан цохиж байлаа.
Харин гэрт нь бол огт өөр уур амьсгал үргэлжилж байсан юм. Үүнийг нь Цагаан ордны ажилтнууд Кейт Андерсен Брауэрийн «Харш. Цагаан ордны нууц амьдрал» номонд тодорхой өгүүлсэн байдаг юм. «Хоёрдугаар давхар яг л морг шиг байсан» хэмээн цэцэрлэгч Боб Скэнлан нь дурсчээ. Олон хүн Хиллариг хэвлэлүүдэд мэдээлэл гарахаас ч өмнө Билл, Моника хоёрыг учиртай байсныг мэдэж байсан гэлцдэг. Тэрбээр энэ дотно харилцаанаас энэ асуудал нь олонд ил болсонд маш ихээр бухимджээ.
Тэргүүн хатагтай энэ стрессээ амттанаар тайлж байсан гэдэг. Цагаан ордны нарийн боовны ахлах тогооч Ролан Менье хожим ярихдаа Хилларигийн сэтгэлийг өргөхийн тулд чадах чинээгээрээ ажиллаж байсан гэдэг. «Түүний дуртай десерт нь мокко бялуу байсан. Би мокко бялууг ар араас нь хийдэг байлаа» хэмээн сэтгүүлчдэд ярьжээ.
Фастфүүдээс цагаан хоолтон
Явдалтай нөхрөө өгөөмрөөр уучилсан эхнэрийн дүр төрх Биллийг импичментээс аварч, Хиллари ч ирээдүйн улс төрийн карьераа бий болгоход тус болжээ. Хилларигийн хувийн рейтинг огцом өссөн юм. Тэрбээр АНУ-ын Конгресст амжилттай өрсөлдөв. Үүний тулд Клинтоны хос Нью-Йорк мужийн Уэстчестер тойрог 1,7 сая ам.долларын үнэтэй харш худалдан авахад хүрчээ. Хиллари энэ мужийн сенатад өрсөлдөхөөр зэхэж байсан болохоор энэ газрын хүн болох ёстой байлаа.
Харшийн бүх мөнгийг хос төлж чадсангүй. Тиймээс Билл, Хиллари нар гэр бүлийн найз, улстөрч Терри Макалифын дэмжлэгтэйгээр ипотек авчээ. Учир нь Клинтоны дансанд тухайн үед нэг сая орчим ам.доллар байсан болохоор 5 сая гаруйг нь Биллийг Левинскийн секс дуулианы үеэр хамгаалж байсан өмгөөлөгчдөд зээлжээ. Ингээд тэдний гэр бүл Чаппакуад 480 м.кв талбайтай 1899 оны харшид нүүж иржээ.
Эхнэр нөхөр хоёр Цагаан ордны орхисны дараахан Клинтоны Ерөнхийлөгчийн амбицын талаар хэвлэлүүдээр шуугиж эхэлжээ. Хиллари Вашингтонд бас байр авахыг хүсэж, 2,85 сая ам.доллараар хос 5 унтлагын өрөөтэй, 500 м.кв талбайтай улаан тоосгон зуслан худалдан авчээ. Гэсэн ч тэргүүн хатагтай Ерөнхийлөгч болсонгүй. 2008 онд Ардчилсан нам Иллонойс мужийн сенатч Барак Обамаг Ерөнхийлөгчид сойж, Хиллари Төрийн нарийн бичгийн дарга болжээ.
2015 онд тэрбээр Ерөнхийлөгчид нэр дэвшиж, Доналд Трампын өрсөлдөгч болжээ. Кампанит ажлын үеэр элдэв яриа гарч, сүүлдээ Рожер Стоуны нэгэн ном гал дээр тос нэмжээ. Энэ номонд тэргүүн хатагтай асныг нөхрөө зоддог, араас нь цүнхийг нь барьж яваагүй хамгаалагчаа халсан гэж буруутгажээ. Хэдийгээр нөхөр нь, америкчууд түүнийг идэвхтэй дэмжиж байсан ч Хиллари Ерөнхийлөгчийн сонгуульд ялж чадсангүй.
Тэрбээр их улс төрөөс явснаасаа хойш Биллтэй хамт лекцээ үргэлжлүүлэн уншсаар байна. Өдгөө Клинтоны гэр бүлийнхэн ихэнх цагийг зээ нараа өсгөлцөж байгаа юм. АНУ-ын экс Ерөнхийлөгч Цагаан ордныг орхимогцоо хоолны дуршлаа өөрчилжээ. Үүнээс өмнөхөн тэрбээр фастфүүд буюу шанцтай талх, бургерийн донтон байсан бол өдгөө эмчийн зөвлөгөөгөөр цагаан хоолтон болжээ. Тэрбээр зүрхний мэс засалд орсноосоо хойш шош, ногоо, киноа будаа болон бусад үр тариаг хэрэглэхийг илүүд үзэж байна. Ингэхдээ тэрбээр долоо хоногт 1 удаа эмчийн заавраар яргай загас, өндөг иддэг аж.
Эх сурвалж: lenta.ru
Орчуулсан Э.Март