Улсын онцгой комиссын даргын гуравдугаар сарын 26-ны тушаалаар Засгийн газрын гишүүн, сайд нарыг багтаасан Шуурхай зохицуулалтын ажлын хэсгийг байгуулж, халдварын нөхцөл байдалд дотоодын үйлдвэр, ААН-үүд хэрхэн ажиллаж халдвар хамгааллын дэглэмийг сахиж буйтай газар дээр нь танилцан ажиллаж байна.
Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатараар ахлуулсан “Коронавируст халдвараас сэргийлэх арга хэмжээ зохион байгуулах тур журам”-ын хэрэгжилтийг хянаж шалгах ажлын хэсэг өчигдөр “Өгөөж чихэр боов”, “Жин туул”, “Азийн их хүлэг” (“Ариг” цэвэр усны үйлдвэр) ХХК-д ажиллав.
Ажлын хэсэгт мэргэжлийн хяналт болон МҮХАҮТ-ын төлөөлөл багтаж үйлдвэрүүдийн халдвар хамгааллын дэглэмийн хэрэгжилт болон хөл хорио зайлшгүй тогтоох шаардлагатай үед хэрхэн ажиллах, нөөцөө хэрхэн бүрдүүлэх үйл ажиллагаатай танилцан заавар зөвлөмж өгөв.
Хатуу хөл хорио тогтоосон үед хүнсний үйлдвэрүүд иргэдийн хүнсний хангамжийг тасалдуулахгүй ажиллах үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлэхэд төр, засгаас гаргаж байгаа шийдвэр хэрхэн нөлөөлж байгаа талаар ярилцаж цаашид гарах шийдвэрт юуг анхаарах талаар санал солилцлоо.
ААН-үүд халдвар хамгааллын дэглэмээ баримтлан, ажилчдаа боломжоороо вакцинд хамруулан ажиллаж байгаа хэдий ч төрөөс гаргаж байгаа зарим шийдвэр хэвийн үйл ажиллагаа явуулахад хүндрэл учруулж байгааг хэлж байлаа.
Тухайлбал, шийдвэр гэнэт гардаг, урьдчилан бэлтгэх хугацаа олгодоггүйгээс тасралтгүй үйлдвэрлэлийн үйл явц алдагдахад хүрдэг.
Хэдийгээр хүнсний үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн явагдах ёстой ч дагалдах хайрцаг, сав, баглаа боодол, машин, техник, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, сэлбэг хэрэгслийн худалдаа хаагддаг мөн хүнсний түгээлтийг шөнийн цагаар хийх нь үйл ажиллагааны зардлыг нэмэгдүүлэхээс гадна хүний нөөцийн хувьд хүндрэлтэй байдалд хүргэдэг, QR код олгох үйл ажиллагаа хүндрэлтэй ойлгомжгүй байсныг дурдлаа. ААН-үүд халдвар хамгааллын дэглэмээ сайн баримтлан ажиллаж байна.
Шуурхай зохицуулалтын ажлын хэсэг өнөөдөр “Хаан хүнс”, “Алтан тариа”, “Талх чихэр”, “Сүү”, “Эм Си Эс кока кола”, “Трастрейд”, “Стимо трейд” компанид ажиллаж байна. Маргааш “Түмэн шувуут”, “Атар өргөө”, “Жүр Үр”, “Артизан”, 4 дүгээр сарын 1-нд “АПУ”, “Говь”, “Мийт Фүүдс”, “Хүн Од”, Улаанбааатар БҮК, “Байгууламж Од”, “Премиум” ХХК-д тус тус ажиллана.
Б.Эрдэнэ