Барилга, хот байгуулалтын яамнаас “Залуус” орон сууцны цогцолборын төсөл, ипотекийн зээл олголтын явцын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ.
БХБЯ-ны сайд Б.Мөнхбаатар: “Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулж төвлөрлийг сааруулах замаар шинэ суурьшлын бүсийг хөгжүүлэх хүрээнд ажлын байртай уялдсан иргэдийн орлогод нийцсэн орон сууцаар хангах “Залуус” 5,000 орчим айлын орон сууцны цогцолбор хорооллын төслийг Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд 57 га талбайд барьж байгуулах ажлыг хэрэгжүүлж байна.
Өнөөдрийн байдлаар орон сууцны хорооллын техник эдийн засгийн урьдчилсан судалгаа, эх загвар зураг /эскиз/ боловсруулах зөвлөх үйлчилгээний ажлын сонгон шалгаруулалтыг зохион байгуулж байна.
Уг ажлыг 2021 оны 2 дугаар улиралд багтаан дуусгах бөгөөд цаашид 2021 оны 3-р улиралд хорооллын эхний ээлжийн гадна инженерийн шугам, сүлжээ, барилгын ажлын зураг төслийг боловсруулж шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлэн барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөөд байна.
Эдгээр ажлыг хэрэгжүүлэх хүрээнд инженерийн дэд бүтцийн шийдэл, хорооллын орц гарц, түгжрэлийн асуудлыг шийдвэрлэх авто замын сүлжээ, нийтийн тээврийн асуудлаар дэд ажлын хэсгүүдийг холбогдох мэргэжлийн байгууллагуудын төлөөллийг оролцуулан байгууллаа” гэлээ.
Б.Эрдэнэ