Дэлхийн зах зээл дээр арматурын гол түүхий эд болох төмрийн хүдэр, коксжих нүүрсний үнийн савалгаа үүссэнээс Монголд арматурын үнэ нэмэгджээ.
Тухайлбал, олон улсын зах зээл дээр нэг тонн арматурын үнэ өнгөрсөн оны 10 дугаар сарын 30-ны байдлаар 445.5 ам.доллар байсан бол энэ оны гуравдугаар сарын 25-ны мэдээллээр 626.5 ам.долларт хүрч 37 орчим хувиар өссөнийг БХБЯ-ны мэдээлэлд дурджээ.
Манай улс өнгөрсөн онд 240.1 мянган тонн арматур импортолжээ. Зах зээлд нэг тонн арматур 2020 оны 12 дугаар сарын байдлаар дунджаар 1 700 000 орчим төгрөгийн үнэтэй байсан бол одоогоор хэмжээ /диаметр/-нээс хамааран 2 250 000 төгрөгт хүрсэн байна.
Мөн цемент үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд, одоогоор 360 000 тонн нөөцтэй, хэвийн ажиллаж байна. Үйлдвэрийн цементийн дундаж үнэ 208 000 төгрөг бол “44-ийн зах” дээр 210 000-220 000 төгрөгөөр зарагдаж байгаа аж.
БХБЯ, МХЕГ хамтран барилгын үндсэн хийц бүтээцийн материал болох арматур импортлогч, бетон зуурмаг үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд энэ сард шалгалт хийжээ.
Шалгалтаар бетоны марк, стандартын шаардлага хангахгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй зөрчил илэрсэн бөгөөд арматур импортлогч “Цамхаг гүүр” ХХК-ийн борлуулж буй 1 тонн арматур тутмаас 200 орчим кг дутаж, чанарын шаардлага хангаагүй тул үйл ажиллагааг нь зогсоов.
Улсын хэмжээнд 152 бетон зуурмагийн үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр үйлдвэрийн суурилагдсан хүчин чадал нь зах зээлийн хэрэглээнээс 7,4 дахин их аж.
Б.Эрдэнэ